Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын 40-өөд насны иргэдийн үхлийн гол шалтгаан хорт хавдар бус, амиа хорлолт болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Жүжигчин И Сун Кюний оршуулга

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын статистикийн төв байгууллага “Үхлийн Шалтгааны Тоо баримтууд 2024” нэртэй тайлангаа нийтлүүлсэн байна.

Тус улсад өнгөрсөн онд нийт 14,872 амиа хорлолт бүртгэгдсэн нь  өмнөх оноосоо 6.3 хувиар өссөн, 2011 оноос хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Үүнээс 40-өөд насны иргэдийн дунд амиа хорлолт нь ийм тоо баримтыг бүртгэж эхэлсэн 1983 оноос хойш анх удаа хорт хавдрыг гүйцэж, үхлийн хамгийн том шалтгаан болсон байна.

Харин бүх насны хүмүүсийн дунд авч үзвэл хорт хавдар 25 хувиар үхлийн тэргүүлэх шалтгаан болж, 4.1 хувьтай амиа хорлолт тав дахь том шалтгаан болжээ.

Хорт хавдар, зүрх судасны өвчин, хатгалгаа гурав нийлээд нийт үхлийн шалтгааны 42 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Амиа хорлолтыг өсвөр насныхан болон 30 хүртэл насны иргэдийн үхлийн гол шалтгаануудын нэг гэж үзсээр ирсэн түүхтэй. Харин 40-өөд насныхны хувьд анх удаа тэргүүлсэн нь анхаарал татаж байна.

2024 онд энэ насны бүлгийн иргэдийн дунд 10,836 амиа хорлолт бүртгэгдсэн нь нийт үхлийн шалтгааны 26 хувь болжээ.

Ер нь Өмнөд Солонгос улс Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дотор амиа хорлолтын хэмжээгээр тэргүүлдэг.

Өнгөрсөн онд тус улсад 100,000 хүн тутамд 26.2 амиа хорлолт оногдож байсан нь OECD байгууллагын дундаж болох 10.8-аас хоёр гаруй дахин өндөр байна.

Ялангуяа эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 2.5 дахин их байжээ.

Дөчөөд насны хүмүүсийн дунд ийм үзэгдэл нэмэгдсэн нь эдийн засгийн хүндрэл, нийгмийн дарамт зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Бас “Werther effect” гэж нэрлэдэг олны танил хүмүүсийн амиа хорлолтыг тухайн насны бүлгийн хүмүүс даган дуурайх үзэгдэл үүнд нөлөөлсөн гэж үзжээ.

Дээрх нэр томьёо нь Германы зохиолч Иохан Вольфганг фон Гётегийн 18 дугаар зуунд бичсэн “Залуу Вертерийн уй гашуу” нэртэй романаас үүдэлтэй юм.

Энэ романы гол дүрийн баатар амиа хорлож нас бардаг.

Тиймээс 2023 оны арванхоёрдугаар сард Оскарын шагналт “Паразит” киноны гол дүрийн жүжигчдийн нэг И Сун Кюн 48 насандаа амиа хорлосон нь ойролцоо насны хүмүүст нөлөөлсөн байх магадлалтай гэж Кюн Хи Их сургуулийн сэтгэл судлалын профессор Бэк Жон Вү дүгнэжээ.

“Ноён Итэй ойролцоо буюу дөчөөд насны сүүлээс тавиад насны эхэн үед хамаарах сэтгэцийн хувьд тогтворгүй эрчүүдэд нөлөөлсөн байх магадлалтай” гэж тэр хэлсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газар амиа хорлолтыг бууруулах үндэсний хэмжээний бодлогыг ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байгаа.

Үүнд хүмүүсийн амиа хорлох эрсдэлтэй газруудад эргүүл ажиллуулах, ийм зорилгоор ашиглаж болзошгүй химийн бодисуудын хяналтыг чангатгах, айл өрхүүдэд нүүрстөрөгчийн дутуу ислийн мэдрэгч суурилуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлууд багтжээ.

Өмнөд Солонгос нь амиа хорлох үзэгдэл өсөж буй Азийн ганц орон биш юм.

Сингапурт хүүхэд болон өндөр настнуудыг асран халамжлах үүргийг хамгийн их хүлээдэг шалтгаанаар “сэндвич үеийнхэн” гэж нэрлэгдэх болсон 30-аад насны иргэдийн дунд өнгөрсөн онд амиа хорлолт нэмэгдсэнийг албаны тоо баримт харуулж байна.

2023 онд Япон улсад сургуулийн сурагчдын дунд амиа хорлолт түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн бөгөөд ялангуяа охидын дунд эрс нэмэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Korea Herald