Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван эмэгтэйг зэрлэгээр алсан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохыг шаардсан иргэд Аргентины нийслэлд жагсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Аргентины нийгмийг цочроосон зэрлэг аллагыг үйлдсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохыг шаардсан олон мянган хүн Бямба гарагт Буэнос-Айрес хотод жагсжээ.

Гэмт этгээдүүд 15 настай Лара Гутеррес, 20 настай Морена Верди, Бренда дел Кастилло нарыг харгис хэрцгийгээр тамлан зовоож алсан үйл явдлын дүрс бичлэгийг сошиал орчинд шууд дамжуулсан юм.

Цагдаа нар үүнийг бусдад анхааруулга өгөх зорилгоор хар тамхины гэмт хэргийн бүлгийн үйлдсэн аллага гэж сэжиглэж байна.

Баасан гарагийн байдлаар энэ хэрэгт холбогдуулан гурван эрэгтэй, хоёр эмэгтэй, нийт таван сэжигтнийг баривчилснаа Аргентины үндэсний аюулаас хамгаалах яамны сайд Патрисиа Буллрич мэдээлжээ.

Тус бүлгийн толгойлогч болох 20 настай Перу улсын иргэнийг одоо эрэн сурвалжилж байгаа юм байна.

Мөрдөн байцаагчдын өгсөн мэдээллээр бол хохирогчдыг есдүгээр сарын 19-ний өдөр үдэшлэгт оролцуулах нэрээр микро автобусанд суулган авч явжээ.

Үнэндээ гэмт этгээдүүд хохирогч бүсгүйчүүдийг бүлгийн дотоод дүрмийг зөрчсөнийх нь төлөө гэсгээн цээрлүүлэх зорилготой байсан гэнэ. Ингэхдээ бусдад нь сургамж болгохын тулд аллагаа сошиал сүлжээгээр шууд дамжуулсан гэж үзэж байна.

Дүрс бичлэгт гэмт хэргийн бүлгийн ахлагч “Надаас хар тамхи хулгайлсан хүмүүст ийм зүйл тохиолдох болно” гэж хэлж байгаа нь бичигджээ.

Эрх баригчид бүлгийн толгойлогч гэгдэж буй Перугийн иргэний гэрэл зургийг нийтэд тараасан байна.

Хохирогч бүсгүйчүүдийн цогцос сураггүй алга болсноос нь хойш тав хоногийн дараа Лхагва гарагт Буэнос-Айрес хотын захын дүүргээс олдсон юм.

зураг
 

Эрх баригчдаас шударга ёсыг шаардсан Бямба гарагийн жагсаалд хохирогчдын ар гэрийнхэн оролцсон байна.

Охиных нь цогцос танигдахын аргагүй болсон байсныг Брендагийн аав Леонэл дел Кастилло хэвлэлд ярьжээ.

20 настай үеэлүүдийн өвөө Антонио дел Кастилло “Ийм харгис зүйлийг хүнд байтугай амьтанд ч хийдэггүй” гэж нулимс дуслуулан ярьж байв.

Аргентин улсад 36 цаг тутамд нэг эмэгтэй бусдын гарт амиа алдаж байдаг гэсэн статистик тоо баримтыг эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх байгууллага мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC