Америкийн Axios мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “хэрвээ дайнаа дуусгахгүй бол Оросын албан тушаалтнууд Кремлийн ойр орчимд хоргодох байр хайх шаардлагатай болно” гэж анхааруулсан юм.
Баасан гарагт Кремлийн хэвлэлийн алба түүнийг уг мэдэгдлийг “хариуцлагагүй үйлдэл” гэж буруушаажээ.
“Зеленский цөхрөнгөө барж байгаа нь тодорхой харагдаж байна. Тийм ч учраас тэр баруун солгойгүй сүрдүүлж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл юм” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.
Энэ сарын эхээр Киев хот дахь Украины засгийн газрын төв байр дайны турш анх удаагаа агаарын цохилтод өртөж байлаа.
Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайны турш АНУ, Европын удирдагчид Оросын газар нутгийн гүнд довтлох Украины зэр зэвсгийн чадварыг дэмжихээс зайлсхийсээр ирсэн.
Энэ нь дайны хүрээг өргөжүүлэхээс болгоомжилсонтой холбоотой.
Гэсэн хэдий ч Украины арми одоо өөрийн үйлдвэрийн зэвсгээр Оросын нутаг дэвсгэрийн гүнд байрладаг газрын тосны үйлдвэрүүдэд довтолсоор байгаа.
Сүүлийн ярилцлагадаа Зеленский ийм ажиллагааг үргэлжлүүлэх зөвшөөрлийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас авснаа баталжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!