Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Олон жилийн өмнө Куба улс руу зугтсан АНУ-ын хар арьстнуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч 78 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Америкийн хар арьстнуудыг чөлөөлөх хөдөлгөөний идэвхтэн Ассата Шакур 78 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь болон Кубын эрх баригчид Баасан гарагт мэдээлжээ.

Кубын гадаад хэргийн яам түүнийг “эрүүл мэндийн байдал болон өндөр насны улмаас” нас барсан гэж тайлбарласан байна.

Түүний охин Какуя Шакур өчигдөр өөрийн Фэйсбүүк хуудсанд “Миний одоо мэдэрч байгаа уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй” гэж бичжээ.

Марксист-Ленинист “Black Liberation Army” (BLA) нэртэй хөдөлгөөний гишүүн асан Ассата Шакур цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн хэрэгтээ бүх насаар хоригдох ял эдэлж байгаад 1979 онд шоронгоос оргосон юм.

1973 онд BLA хөдөлгөөний гишүүд Нью Жерси мужийн нутагт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн шалтгаанаар зогсоосон хоёр цагдаатай буудалцаж байжээ.

Энэ үеэр нэг цагдаа алагдаж, нөгөө нь шархадсан юм. Тухайн үед Холбооны Мөрдөх Товчоо түүнийг “эрэн сурвалжлагдаж буй террористууд”-ын жагсаалтдаа нэмж, баривчлахад тусалбал $2 саяын шагнал амлаж байв.

Шакур нь энэ хэргээс гадна банк дээрэмдсэн зэрэг хэд хэдэн өөр хэрэгт шалгагдаж байжээ.

Сүүлд тэр баригдаж, санаатай аллага үйлдсэн хэрэгтээ 1977 онд бүх насаар хорих ял сонссон юм.

зураг
 

Шакуртай хамт явсан BLA хөдөлгөөний нэг гишүүн алагдаж, нөгөөх нь болох Сундиата Аколи бараг 50 орчим жил шоронд хоригдоод 2022 онд өршөөлөөр суллагджээ.

1979 оны арваннэгдүгээр сарын эхээр Клинтоны Эмэгтэйчүүдийн Засан Хүмүүжүүлэх төвд эргэлтээр очсон BLA хөдөлгөөний гишүүд Шакурыг оргуулсан юм.

Сүүлд тэр 1984 онд Куба улсад очсон нь тодорхой болж, тухайн үеийн Кубын удирдагч Фидель Кастрогоос оршин суух эрх авч байжээ.

1988 онд хэвлэгдсэн намтартаа тэр “Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх нь бидний үүрэг юм. Ялах нь бидний үүрэг юм. Бид нэг нэгнээ хайрлаж, тусалж дэмжих ёстой. Бидэнд гинжнээс өөр алдах юм байхгүй” гэж бичиж байв.

АНУ-д хэдэн жилийн өмнө “Black Lives Matter” хөдөлгөөн өрнөх үеэр Шакурын түүх олны анхаарлын төвд орж байсан. Гэхдээ зарим хүмүүс түүний Марксист, коммунист үзэл баримтлалыг шүүмжилж байжээ.

Түүнийг нас барсныг зарласны дараа арьс өнгөний үзлийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг дээрх хөдөлгөөнийхөн Инстаграм хуудсандаа эмгэнэл илэрхийлсэн байна.

Шакур нь рэппэр агсан Тупак Шакурын ойрын хамаатан байсан юм.

Тэрбээр олон жилийн турш АНУ-Кубын харилцааны нэг том асуудал болж байлаа.

Ерөнхийлөгч Дональд Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Шакурыг буцааж өгөхийг Куба улсын эрх баригчдаас шаардаж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press