Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

НАТО: Хил давсан Оросын дроныг устгахад үнэтэй пуужин ашиглахгүйн тулд Украины туршлагыг судална

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хил давсан Оросын дронуудыг үнэтэй пуужингаар устгах нь үрэлгэн арга тул Украины туршлагыг яаралтай судалсны үндсэн дээр шинэ технологийн зэвсэг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мэдэгджээ.

Пүрэв гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр “Нэгээс хоёр мянган долларын үнэтэй нисгэгчгүй онгоцыг хагас сая, сая долларын үнэтэй пуужингаар унагах гэдэг урт хугацааны шийдэл биш. Бид шаардлагатай технологийг хурдтай хөгжүүлж, украинчуудаас суралцаж байгаа” гэж хэлсэн байна.

НАТО-д дрон устгах зэр зэвсэг дутагдаж байгаа эсэхийг асуухад Рютте “Богино хугацаанд бол тийм” гэж хариулаад дээрх хөгжүүлэлтийн дуусах хугацааг “хэдэн долоо хоногийн дотор” гэж мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудын агаарын хилд Оросын дронууд, сөнөөгч онгоцнууд нэвтэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан.

Хил зөрчсөн Оросын сөнөөгч онгоцнуудыг яах тухай асуудал ойрын хэдэн өдөр маргааны сэдэв болоод байна.

Энэ долоо хоногт Европын дипломатчид НАТО агаарын орон зайгаа цаашид хамгаалахын тулд Оросын онгоцнуудыг буудаж унагах хүртэл шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн байгаагаа Кремлийн эрх баригчдад анхааруулсан юм.

Рютте ярилцлагадаа дээрх анхааруулгын талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч ийм яриа албан бус хүрээнд байнга хөндөгдөж байгааг хүлээн зөвшөөрчээ.

“Сөнөөгч онгоцны тухай ярихад энэ бол шинэ зүйл биш. Ийм үйлдлийг зогсоох ёстой. Гэхдээ манай нисгэгчид юу хийхээ мэддэг бөгөөд шаардлагатай бол эцсийн арга хэмжээг авч чадна” гэж тэр хэлсэн байна.

Польш, Эстони улсууд агаарын орон зайд нь Оросын дрон, сөнөөгч онгоц нэвтэрсний дараа НАТО-гийн гэрээний дөрөвдүгээр зүйлийг хэрэгжүүлээд байгаа.

Энэ нь аль нэг гишүүн оронд учирсан аюул заналын талаар бусад бүх гишүүн орнууд зөвлөлдөх тухай зүйл юм.

НАТО үүсгэн байгуулагдсан 1949 оноосоо хойш уг зүйл заалтыг нийтдээ есхөн удаа хэрэгжүүлсний сүүлийн хоёр нь энэ сард Польш, Эстонид гарсан хилийн зөрчлийн дараа хэрэгжээд байна.

 

Эх сурвалж: Bloomberg