Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тэмүүжин гишүүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой заасан хуулийн төсөл санаачилжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг боловсруулжээ. Тус хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа бөгөөд d-parliament сайт дээр олон нийтээс санал авахаар байршуулжээ. 

Энэ хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхой тусгаж өгсөн байгаа юм.

Ингэхдээ Ерөнхийлөгчийн Улсын Их Хурал, Засгийн газартай харилцах, Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах, гадаад харилцаа, шүүгч, прокурорыг томилох бүрэн эрх, хууль санаачлах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох, гэмт хэрэг үйлдсэн хүнд уучлал үзүүлэх болон бусад бүрэн эрхийн талаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн тодорхой тусгажээ.

"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн ХОЁРДУГААР БҮЛЭГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ

9 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үндэс

  • 9.1. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд энэ хууль, бусад хуульд заасан тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
  • 9.2. Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй.
  • 9.3. Ерөнхийлөгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно.
  • 9.4. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

10 дугаар зүйл. Улсын Их Хуралтай харилцах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 10.1. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах санаачилга гаргах эрхтэй.
  • 10.2. Энэ хуулийн 10.1-д заасан санаачилгыг гаргасан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.3-т заасны дагуу ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын талаар саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.
  • 10.3. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор товлон зарлаж хуралдуулах талаар зарлиг гаргах үүрэгтэй.
  • 10.4. Ерөнхийлөгч энэ хуулийн 10.3-т заасны дагуу Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлаж хуралдуулах зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцөнө.
  • 10.5. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах үүрэгтэй.
  • 10.6. Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах тухай зарлиг гаргах үүрэгтэй:
  • 10.6.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
  • 10.6.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
  • 10.6.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол.
  • 10.7. Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал гаргаж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлж болно.
  • 10.8. Ерөнхийлөгч энэ хуулийн 10.7-д заасны дагуу Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх талаар Улсын Их Хурлын даргад албан бичгээр санал гаргаж, Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн үндэслэл, шалтгааныг дурдсан байна.
  • 10.9. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан онц байдал, дайны байдал зарласан зарлиг гаргасан тохиолдолд даруй Улсын Их Хурлын даргад хүргүүлэх үүрэгтэй.
  • 10.10. Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг хангах зорилгоор илгээлт гаргаж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганд өөрийн тааллаар оролцон, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулж болно.
  • 10.11. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж, үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд хүргүүлж, хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй.

11 дүгээр зүйл. Засгийн газартай харилцах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 11.1. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдаас зөвшилцөхөөр ирүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар долоо хоногийн дотор саналаа өгнө.
  • 11.2. Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах Ерөнхий сайдын шийдвэр гаргахаас ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө танилцах эрхтэй бөгөөд уул хугацаанд танилцаагүй бол танилцсанд тооцно.
  • 11.3. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад хүргүүлж, санал авна.
  • 11.4. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийн биелэлтийн талаарх мэдээллийг Засгийн газраас авах эрхтэй.
  • 11.5. Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшинд хийх айлчлал, олон улсын хуралд оролцохтой холбоотой гадаад арга хэмжээг Засгийн газартай зөвшилцөн зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгчийн төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтныг оролцуулах үүрэгтэй.

12 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 12.1. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.
  • 12.2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зарлах, асуудал хэлэлцүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасныг баримтална.
  • 12.3. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
  • 12.4. Ерөнхийлөгч Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай санал нэгдсэнээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
  • 12.5. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах зарлиг гаргах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй.
  • 12.6. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд танилцуулснаар Засгийн газар томилно.
  • 12.7. Ерөнхийлөгч бүх нийтийн, эсхүл хэсэгчилсэн цэргийн дайчилгааг Ерөнхий сайдын саналаар хууль тогтоомжид заасны дагуу зарлана.
  • 12.8. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний нийтлэг дүрмийг Засгийн газрын санал болгосноор батална.
  • 12.9. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж, цэргийг байлдааны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлэх зарлиг гаргана.
  • 12.10. Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно.

13 дугаар зүйл. Гадаад харилцааны талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 13.1. Ерөнхийлөгч гадаад харилцааны талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах үүрэгтэй ба гадаад улсын төрийн байгууллага, хуулийн этгээдийн төлөөлөл, хувь хүнтэй уулзалт, хэлэлцээ хийхэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулна.
  • 13.2. Ерөнхийлөгч гадаад бодлогын асуудлаар санал, санаачилга гаргах бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
  • 13.3. Ерөнхийлөгч гадаад бодлогын байр суурийг Засгийн газартай зөвшилцөн илэрхийлж болно.
  • 13.4. Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээнд оролцох, зохион байгуулах төлөвлөгөөг Ерөнхийлөгчийн Тамгын газар жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт уламжилж батлуулна.
  • 13.5. Ерөнхийлөгч төрийн дээд түвшний гадаад арга хэмжээний үеэр зохих журмын дагуу баталсан үндсэн чиглэл, уулзалт, яриа хэлэлцээний сэдвийг чанд баримтална.
  • 13.6. Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөж, агреман ирснээс хойш 14 хоногийн дотор томилно. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч нь Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхын дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхын дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхгүй.
  • 13.7. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн эгүүлэн татна. Ерөнхийлөгч бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг эгүүлэн татах саналыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонх дэмжээгүй тохиолдолд эгүүлэн татах зарлиг гаргахгүй.
  • 13.8. Ерөнхийлөгч Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.

14 дүгээр зүйл. Бүх шатны шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 14.1. Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
  • 14.2. Ерөнхийлөгч шүүгчээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуульд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.
  • 14.3. Ерөнхийлөгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7-д заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.
  • 14.4. Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцсөнөөс хойш 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар томилно.
  • 14.5. Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох тухай зөвшилцөх саналаа Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

15 дугаар зүйл. Хууль санаачлах Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 15.1. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэг болон төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий, зөрчлийн тухай болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны анхдагч хууль, шинэчилсэн найруулга, Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан зааснаас бусад асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хуульд заасан журмын дагуу санаачлах эрхтэй.
  • 15.2. Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд боловсруулсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

16 дугаар зүйл. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 16.1. Ерөнхийлөгч дараах үндэслэлээр Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй:
  • 16.1.1. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд харшилсан;
  • 16.1.2. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцээгүй;
  • 16.1.3. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр нь хүний эрх, эрх чөлөөг дордуулсан гэж үзвэл.
  • 16.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь, эсхүл зарим хэсэгт нь хориг тавихдаа энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлийг тодорхой зааж, тайлбарласан байна.
  • 16.3. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан дараах хууль, бусад шийдвэрт хориг тавихгүй:
  • 16.3.1. Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • 16.3.2. Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль;
  • 16.3.3. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж гаргасан шийдвэр;
  • 16.3.4. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан шийдвэр;
  • 16.3.5. сонгууль товлон зарлаж, санал авах хугацааг тогтоох тухай Улсын Их Хурлын шийдвэр.
  • 16.3.6. Улсын Их Хуралд ажлаа хариуцдаг болон Улсын Их хурлаас томилогддог албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах тухай Улсын Их Хурлын шийдвэр;
  • 16.3.7. Улсын Их Хурлын бүрэн эрх, түүний дотоод зохион байгуулалтын талаар гаргасан шийдвэр.

17 дугаар зүйл. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах,

  • 17.1. Ерөнхийлөгч Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
  • 17.2. Ерөнхийлөгч үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргасан тохиолдолд Монгол Улсад орогнох эрх олгох асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

18 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдсэн хүнд уучлал үзүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 18.1. Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний шүүхээс оногдуулсан ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх уучлал үзүүлэх зарлиг гаргаж болно.
  • 18.2. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлигийг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний уучлал хүсэх тухай өргөдлийн дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт хүссэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг нь харгалзан гаргана.
  • 18.3. Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бол Улсын ерөнхий прокурорт хандаж уучлал үзүүлэх эсэх асуудлаар дүгнэлт гаргуулж болно.

19 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй харилцах Ерөнхийлөгчийн бүрэн эрх

  • 19.1. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналаа цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш, эсхүл бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш 30 хоногийн дотор холбогдох хуульд заасан журмын дагуу захирамж гарган Улсын Их Хуралд оруулна.
  • 19.2. Ерөнхийлөгч дараах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж болно:
  • 19.2.1. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эв нэгдлийг бусниулж, эсхүл Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх;
  • 19.2.2. Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх;

20 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх

  • 20.1. Ерөнхийлөгч хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасах эрхтэй.
  • 20.2. Ерөнхийлөгч төрийн болон албаны нууц, хуулиар хамгаалагдсан байгууллага, хүний хувийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.
  • 20.3. Ерөнхийлөгч хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэн зөв гаргах үүрэгтэй.
  • 20.4. Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлж болно.