Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Toyota компани шинэ технологи турших зорилгоор Японы төв бүсэд байгуулсан хотоо нээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Тоёота Мотор компани өчигдөр Япон улсын төв бүсэд жолоочгүй автомашин, хүргэлтийн робот зэрэг шинэ технологи турших зорилгоор байгуулсан шинэ хотыг нээжээ.

Шизүока мужийн нутагт Фүжи уулын бэлд хэрэгжиж буй “Woven City” нэртэй энэ төсөл эхний шатанд 47,000 хавтгай дөрвөлжин метр талбай эзэлж байгаа юм байна.

Тус хотод Тоёотатай холбоотой 300 орчим хүн амьдрахаар болжээ.

Цаашдаа хотын талбай 294,000 хавтгай дөрвөлжин метр болон тэлж, 2,000 гаруй хүн амьдрах юм байна.

2026 оноос эхлэн шинэ хотод Тоёотатай холбоогүй хүмүүсээс оршин суух хүсэлт хүлээж авах гэнэ.

Тус компанийн ерөнхийлөгч Акио Тоёодагийн ууган хүү,  “Woven by Toyota Inc” компанийн дэд ерөнхийлөгч Дайсүке Тоёода нээлтийн үеэр “Би нийтийн дэд бүтэц, тээврийн системийг холбосноор аюулгүй, тайван нийгмийг бий болгохыг хүсэж байна” гэж мэдэгджээ.

зураг
 

Туршилтын хотод автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд зориулсан замууд болон мэдрэгч, камер бүхий гэрлэн дохионууд байрлуулсан байна.

Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн гудамж талбайд турших боломжгүй зүйлсийг шинэ хотод ашиглажээ.

Хот дотор явуулах үйлчилгээнүүдийг автомашины салбартай хамаагүй долоон компани эрхлэн явуулахаар болсон байна. Тухайлбал хоол хүнсний Nissin Foods Holdings Co, боловсролын Zoshinkai Holdings, гэр ахуйн тоног төхөөрөмжийн Daikin Industries Ltd, пуужингийн технологийн Interstellar Technologies Inc тэдний дотор байгаа ажээ.

Nissin компани үйлчлүүлэгч бүрийн нас, хүйс зэрэгт тохируулсан хоолоор үйлчилдэг ресторан ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Google, Apple, Amazon зэрэг технологийн бусад томоохон компаниуд бас ухаалаг хот хөгжүүлэх чиглэлд ажиллаж эхэлсэн.

Тоёота компанийн ерөнхийлөгч Акио Тоёода 2020 онд Лас-Вегас хотод Consumer Electronics Show үзэсгэлэн нээгдэхийн өмнө “Woven City” төслийг анх зарлаж байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News