Өчигдөр буюу Пүрэв гарагт Парисын шүүх 2007 оны сонгуулийн кампанит ажлаа Ливийн дарангуйлагч агсан Каддафигийн мөнгөөр санхүүжүүлсэн хэрэгт Францын ерөнхийлөгч асан Николя Саркозийг буруутгаж, таван жилийн хорих ял оноожээ.
Шүүх түүнийг давж заалдсан ч ялаа заавал эдлэх нөхцөлийг шийдвэртээ тусгасан байна.
Гэхдээ ерөнхийлөгч асныг гартаа гавтай шүүхийн танхимаас явж нэр төрөө сэвтээхээс сэргийлэх үүднээс ялаа эдэлж эхлэх хугацааг тусдаа шийдэхээр болжээ.
Саркозийг улс төрийн санхүүжилт авсны хариуд Ливийн дэглэмд дипломат арга замаар дэмжлэг үзүүлэх амлалт авсан гэж үзсэн байна.
Тэрбээр өөрийгөө буруугүйг баталж, шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.
“Энэ бол дуулиантай шударга бус шийдвэр. Намайг сонгосон эсэх, намайг дэмждэг эсэхээсээ үл хамааран саяын шийдвэрийн талаар тунгааж үзэхийг би Францын ард түмэнд уриалж байна. Үзэн ядалтад үнэхээр хил хязгаар байдаггүй юм байна” гэж Саркози хэлсэн юм.
Шүүх хуралд түүний гэргий, дуучин, загвар өмсөгч Карла Бруни-Саркози болон насанд хүрсэн гурван хүү нь оролцжээ.
Саркози 2007 оны сонгуульд ялсан ч 2012 онд дахин өрсөлдөөд ялагдсан юм.
Тэрбээр хэд хэдэн хэрэгт шалгагдаж байсны сүүлийнх нь Ливийн санхүүжилтийн хэрэг болж байна.
2011 онд Муаммар Каддафи агсан болон Ливийн засгийн газар 2007 оны сонгуулийн кампанит ажилд нь зориулан Саркозид олон сая евро өгснөө зарлаж байжээ.
Улмаар 2012 онд Францын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Mediapart” байгууллага Ливийн тагнуулын байгууллагаас олж авсан 50 сая еврогийн санхүүжилтийн гэрээний санамж бичгийг нийтэлж байв.
Тухайн үед Саркози үүнийг хуурамч бичиг баримт гэж мэдэгдээд нэр төрд халдсан үндэслэлээр шүүхэд хандаж байжээ.
Мөрдөгчид 2005-2007 оны үед Саркозийг дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад түүний ойр дотны хүмүүс Ливи улсад хэд хэдэн удаа очиж байсныг шалгасан байна.
2016 онд Франц-Ливаны бизнесмэн Зиад Такеддин бэлэн мөнгөтэй цүнхийг Триполи хотоос Францын дотоод хэргийн яаманд хүргэж байснаа хэвлэлд ярьсан ч сүүлд энэ мэдүүлгээсээ буцсан юм.
Шүүгдэгчдийн нэг байсан Такеддин өнгөрсөн Мягмар гарагт Бейрут хотод нас барсан байна. Тэр 75 настай байсан бөгөөд 2020 онд Ливан руу дүрвэж байжээ.
Ливи улсыг дөч орчим жил захирсан Муаммар Каддафи 2011 онд дэгдсэн бослогын үеэр алагдсан юм.
Саркози өөр нэг хэрэгт ял сонссоны дараа өнгөрсөн зургаадугаар сард Францын засгийн газрын хамгийн дээд шагнал болох Хүндэт Легионы одонгоо хураалгаж байв.
Энэ оны эхээр тэр 2014 онд өөрт холбоотой хэргийн шийдвэрт нөлөөлөх зорилгоор шүүгчид албан тушаал амласан үндэслэлээр ял сонссон юм.
Тухайн үед Саркози нэг жилийн турш электрон гав зүүх шийтгэл хүлээж байв.
Гэхдээ гурван сарын дараа буюу тавдугаар сард өндөр насыг нь харгалзан үзээд гавыг түүнээс салгасан юм.
Өнгөрсөн онд Саркози бас 2012 оны дахин сонгуульд хууль бус санхүүжилт ашигласан шалтгаанаар ял сонсож байлаа.
Хуульд заасан дээд хэмжээнээс бараг хоёр дахин их мөнгө сонгуульд зарцуулсан түүнд нэг жилийн хорих ял оноож байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!