УИХ-ын Төсвийн байнгын хорооноос "Боловсролын салбарын 2026 оны төсөв" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ үеэр их дээд боловсролын төсөв зарцуулалтын талаар асуудал хөндөгдөв.
Хөдөө, аж ахуйн их сургуулийн багш Я.Эрдэнэсүрэн: Боловсролын салбарын дөрвөн үндсэн чиглэлийн нэг болох дээд боловсролын салбарыг огт ярихгүй байна. Дээд боловсролын салбарт 142 тэрбум төгрөг тавигдсан гэж танилцуулж байна. Гэтэл 142 тэрбум төгрөгийн ихэнх нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, гадаадад бакалаврын оюутнуудыг сургах тэтгэлэг болоод гарчихдаг.
Эрдэмтэн багш нарын үзэж буйгаар гадаадад бакалавраар сурах оюутанд тэтгэлэг олгохоос илүү магистр, докторын оюутныг гадаадад сургая. Бакалаврын оюутнуудыг дотоодын их дээд сургуульд сургах бүрэн чадамжтай гэж үзэж байгаа.
Өнөөдөр төрийн өмчит их дээд сургуулийн хичээлийн байрны ихэнх нь шаардлага хангахгүй болсон. Миний мэдэхээр Хөдөө, аж ахуйн сургуулийн хичээлийн гурван байр байдгийн хоёр нь арван жилийн өмнө зайлшгүй нураах жагсаалтад орсон. Үүний ядаж нэгийг нь улсын төсөвт тусгаж өгөх хүсэлтийг Боловсролын яаманд хүргэсэн.
Гэхдээ төрийн өмчит сургуулийн оюутны дотуур байрыг нэг ижил төсвөөс барьдаг байх санал санаачилга гаргаад хүргүүлсэн боловч манай сургуулийн дотуур байр хасагдсан. Нөгөө талдаа дээд боловсролын салбарт хуульд тусгагдсан санхүүжүүлэлтийг тогтмол олгодог баймаар байна.
Төрийн өмчит их дээд сургуулиудын тогтмол зардал гэж хуульд тусгаад 2025 онд 17.5 тэрбумыг төсөвлөсөн. Төсвийн тодотголоор хасагдаад 5.7 тэрбум төгрөг болсон боловч төрийн өмчит их дээд сургуулиудад олгогдоогүй.
Боловсролын сайд П.Наранбаяр: Энэ жилийн төсөвт ШУТИС-ийн дотуур байр орсон. Энэ нь төсөвт тавигддаг шаардлагуудаа хангасан. Бид дээд боловсролын салбарын тогтмол зардлыг 12.9 тэрбум төгрөгөөр тооцоолж оруулж ирсэн. Цаашдаа гадаадад сургах оюутнуудад бодлого барьж, боловсролын зээлийн сангийн журмыг Засгийн газрын тогтоолоор шинэчлүүлэхдээ 2+2 ийм хөтөлбөрөөр сургах чиглэлд бодлого боловсруулж байна.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Санжаадорж: Боловсролын чанар гэдэг зүйлийг хамгийн түрүүнд ярих ёстой. Дээд боловсрол дээр 142 тэрбум төгрөг гэж байгаа боловч үүний үр ашгийг яаж сайжруулах вэ, чамгүй хэсэг нь гадагшаа сурч буй оюутнуудын төлбөр гарчхаж байна. Гэтэл дотоодын их дээд сургуулиудыг дэмжих ёстой төсөв юм.
Төсөв боогдчихсон энэ цаг үед нэмэгдүүлэх боломж хэцүү болж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг нь ирэх жилийн төрийн зарцуулах мөнгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 102 их наяд төгрөг байна гэхэд 32.2 хувийг төр зарцуулна гэж байгаа. Хавар боловсруулсан Төсвийн хүрээний мэдэгдэл буюу төрийн зарцуулах мөнгө нь 21 аймаг, төрийн бүх яамдад хуваагдаж орж ирдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!