Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг "Алтан цом"-ын барилдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулж, шагналын санг 1.5 тэрбум төгрөг болгосон талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал тус холбоо нь “Алтан Цом”-ын 2022, 2023 оны багийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүдээ харьяаллын дагуу буюу аймгийн нэрээр багийг бүрдүүлэн амжилттай зохион байгуулж байв.
Өмнөх хоёр удаагийн барилдаанд үр дүн шинжлэхэд “Алтан Цом”-ын барилдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулах, аймгуудын бөхийн тоо, салбар холбоо, дэвжээ бүрийн бүтэц, зохион байгуулалт, бэлтгэлжилт зэргээс шалтгаалан хэсгийн барилдаануудын өрсөлдөөн бага байсныг өөрчлөн, ижил түвшний бөхчүүдээр бүрдүүлсэн Үндэсний томоохон компаниудын нэрэмжит шилдэг найман баг оролцуулах зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийж байгаа аж.
МҮБХ-ны өнгөрсөн нэг жилийн хүртэлх хугацаанд зохион байгуулсан нийт 68 удаагийн барилдаанд гаргасан бөхчүүдийн амжилтыг чансааны оноогоор дүгнэн 8 багийн гишүүдийг бүрдүүлэх юм байна.
Түүнчлэн МҮБХ нь багуудын өрсөлдөөнийг хэт ялгамжтай байлгахгүй, өрсөлдөөн сонирхол татахуйц байлгах үүднээс Үндэсний томоохон компаниудад өөрийн компанийн хамаарал бүхий 1-3 бөхийг шууд сонгох (үүнд цалин, ивээн тэтгэлэг, харьяалал болон өндөр чансаатай байгаа бөхчүүдийг урих эрх), багийн бусад гишүүдийг чансааны үзүүлэлтийн 1-8 байр тус бүрээр сугалуулах зарчмаар багийн гишүүдийг бүрдүүлнэ.
“Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан 650,000,000 төгрөг байсан бол энэ жилийн барилдааных 1,500,000,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн болно. Барилдааныг энэ оны аравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!