Д.Амарбаясгалан: МАН-ын хагарал Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар хов зөөснөөс болсон
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариуллаа.
Түүний талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр ноцтой мэдээлэл дэлгэсэн.
2020, 2024 оны сонгуулиуд дээр намын гишүүдээ аль тойрогт нэр дэвших хүсэлтэй байгааг нь бүртгэж аваад хамтдаа өөрсдөөр нь социологийн судалгаа хийлгэж, нэр дэвшүүлсэн. Би хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй хүлээн авч уулздаг байсан. Тийм учраас МАН-ын жирийн гишүүд надад талтай байдаг юм. Сая намайг намын даргад дэвшүүлэхгүйн тулд Ц.Чулуунзагдыг барьж хорьсон. Намайг айна гэж бодсон. Би нэг хүний асуудлаас болж хойш суудаг улстөрч биш. Надад илүү том зорилго байгаа. Тиймээс ч намайг намын шийдвэр гаргах түвшний голлох лидерүүд дэмжиж байгаа.
Ерөнхийлөгчийн тухайд энэ удаагийн МАН-ын даргын сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. МАН-ын даргаар ажиллаж байсан хүмүүс рүү ярьсан байсан. Над руу ч ярьсан. Хоорондоо эв зүйгээ олж, асуудлаа шийдээд, намаа хагалж бутаргахгүй байх нь зөв шүү гэдэг зүйлийг хэлүүлсэн.
Энэ асуудлаас үүдэлтэйгээр Г.Занданшатар даргатай гурван удаа уулзсан. Хүлээж авах боломжгүй хувилбаруудыг санал болгосон. Жишээ нь, МАН хос даргатай байя гэдэг санал тавьсан. Бид хоёрт зориулж дүрмээ өөрчлөөд, хоёулаа зэрэгцэж суугаад намаа даргална гэдэг онигоотой зүйл байж болохгүй гэдгийг хэлсэн.
-Б.Энхбаяр гишүүн та хоёрын харилцаа юунаас бол ийм хэмжээнд хүрсэн юм бэ, Ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байгаа вэ?
-Б.Энхбаяр надтай яагаад муудсаныг би мэдэхгүй. Магадгүй цаанаасаа их том даалгавар авч өөрөө надтай муудсан байх. Түүнээс биш би энэ хүний амьдралд том өөрчлөлтийг нь авчир өгсөн. Төөрөөд явж байхад нь дуудаж ирээд намаас нэр дэвшүүлсэн.
Нүүрсний асуудлыг над руу чиглүүлэх сценарыг гаргасан талаар гэрч байгаа. “Бодь”-той холбоотой олон оффтэйк гэрээний асуудлыг дарах гэж Амарбаясгаланг нүүрсчин болгосон талаар хотын дарга Х.Нямбаатарыг ярих боломжтой гэж бодож байна.
Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай байгаа. Санал бодол зөрөх зүйл олон бий. Бүх зүйл дохиогоор явахгүй. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгч намын асуудалд оролцохгүй байгаа.
-Та Л.Оюун-Эрдэнэтэй найз хэвээрээ юу?
-Би хүнээрээ байхыг л хүсдэг. Ядаж л найзалсан найздаа муу хэлүүлэхгүй амьдрах юм сан гэж боддог. Зургаадугаар сард болсон намын Бага хурал дээр “Би Л.Оюун-Эрдэнэтэй өчигдөр хамт байсан, өнөөдөр хамт байгаа, цаашдаа амьдралын найзууд байна” гэж хэлж байсан.
Хэдийгээр амьдралын найзууд ч гэлээ улс төрийн хувьд санал зөрөлдөх зүйл байна. Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь шүүмжлэлтэй хандаж байсан зүйлүүд бий. Би 2024 оны нэр дэвших шийдвэр гаргахдаа ялалт байгуулбал Засгийн газарт орж ажиллахгүй гэж шийдэж байсан. Яагаад гэвэл хоёр найз зэрэгцээд суучихаар улс төр яваад, бид хоёрыг муудалцуулах гээд байдаг. Харин бид 126 гишүүнтэй парламентын зөв хэлбэрийг олуулахын тулд намынхаа бүлгийн даргыг авна гэдгээ хэлсэн. Харамсалтай нь Г.Занданшатар дарга тойрогт очоод уначихсан. Эргэж ирээд “Парламентын эв нэгдлийг олоод, улс төрийн намуудын хооронд зөвшилцөл бий болгоод явах боломж чамд байна” гэж хэлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
