Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр хаалга нэмж гаргахаар болжээ.
НЗДТГ-аас мэдээлснээр Маршал таун хотхон тал руу зүүн тийш, цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно байрлах И-Март дэлгүүр чиглэл рүү хаалга гаргахаар болсон байна.
Ингэхдээ хүйтрэхээс өмнө хаалгыг нээж холбогдох зардлыг УБЗАА-ны Хот тохижилтын зардлаас гарган явган хүний зам тавих аж.
2014 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хан Талст” компанид амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 15 га орчим газрыг өгчээ. Үүнээс 11 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх гэрээтэй ч хугацаа нь дууссан байна. Тиймээс тус компанийн захиралтай ярилцаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Хан Талст” компанийн бүтээн байгуулалтыг уялдуулж гүйцэтгэх юм байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хөшөө, барилга байгууламж барихгүй, талбай цементлэхгүй байхаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах шийдэлд хүрчээ.
Үүнээс гадна дэлхийн далайн хавны хамгийн том судалгааны хүрээлэнгийн нэг ОХУ-ын Эрхүү мужийн Байгал нуурын судлалын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдэд зориулсан далайн хавны аквариум байгуулах, зардлаа өөрсдөө 100 хувь хариуцах санал гаргажээ.
“Хан Талст” компанийн гүйцэтгэх бүтээн байгуулалттай зэрэгцүүлэн далайн хавны аквариумыг байгуулж иргэд, хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнгээс амралт зугаалгын цогц үйлчилгээг авдаг байхаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!