Ирэх арваннэгдүгээр сарын 14-ний Баасан гарагт боксын ертөнцөд нэгэн сонирхолтой тулаан спорт сонирхогчдыг хүлээж байна. WBA холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга, "Танк" хочтой Жервонта Дэвис, Youtube сувгаас олны танил болсон Жэйк Пол нарын үзүүлэх тулаан Майами хотод болно.
Уг тулааныг Атланта хотод зохион байгуулахаар анх товлосон ч MVP (Most Valuable Produictions)-ийн Накиса Бидарианы санаачилгаар хотыг өөрчилжээ.
Тулаан олны анхаарлыг татаж буй гол зүйл нь хоёр тамирчны жингийн ялгаа. Ж.Дэвис 61 кг жинтэй байгаа бол өрсөлдөгч нь 90 кг давсан аж.
Тиймээс тулааны талаарх анхны хэвлэлийн бага хурал дээр зохион байгуулагчид жингийн дээд хязгаарыг тогтоосноо зарласан юм. Тухайлбал хоёр тамирчин дээд тал нь 88 кг байхыг зөвшөөрсөн байна.
Мөн тулаанд ашиглах боксын бээлийн хэмжээ 12oz байхаар тогтжээ. Дэвис шиг хөнгөн жингийн боксчид 8oz хэмжээтэй бээлий тулаанд өмсдөг бол Пол өмнөх тулаандаа 10oz хэмжээтэй бээлий ашиглаж байв.
12oz бээлийг ихэвчлэн бэлтгэлийн үеэр хэрэглэдэг байна.
Мөн хоёр тулаанч допингийн шинжилгээ өгөхөөр болжээ. Үзүүлэх тулааны үеэр дийлэнх тохиолдолд ийм төрлийн шинжилгээ авдаггүй байна.
Өдгөө 30 настай Ж.Дэвис мэргэжлийн боксын ертөнцөд 30 тулаанд ялалт байгуулж, нэг удаа тэнцсэн бол түүнээс хоёр дүү өрсөлдөгч нь 12 ялж, нэг удаа ялагдсан үзүүлэлттэй.
Тэд хоёул мэргэжлийн боксын лицензтэй боловч энэ тулаан албан ёсны мэргэжлийн тулаанд тооцогдохгүй юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!