"Хүрээ" амаржих газрын үл хөдлөх хөрөнгө, газрыг нь хууль бусаар авсан гэх улс төр, бизнесийн бүлэглэлийн талаар гавьяат эмч Д.Адилбиш мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ажил амьдралын гараа маань Хоёрдугаар амаржих газартай салшгүй холбоотой тул энэ эмнэлгийн ирээдүйн төлөө тэмцэх үүрэгтэй хүн гэж бодож явдаг.
2005 оны долдугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын Тэргүүлэгчдийн 154 дүгээр тогтоолоор тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга байсан Миегомбын Энхболд өөрөө өргөх бичиг барьсан юм.
Үүнээс өмнө буюу 2003 онд Нийслэлийн захирагчийн ажлын алба найман айлын орон сууцыг худалдаж авсан баримт бий. Үүнийхээ төлбөрт Нийслэлийн нийтийн таван өмчийг 173 гаруй сая төгрөгт бодож шилжүүлсэн байдаг.
Уг таван өмч газарт манай "Хүрээ" амаржих газрын зөвлөх амбулаторийн барилга, хашааны хойд талын газрууд орсон. Энэ үйлдэл нь өмч, хувьчлах тухай хуулийг зөрчсөн хэрэг.
Хэрвээ хувьчлах бол нээлттэй дуудлага худалдаагаар шударгаар зарлаж, хувьчлах ёстой. Гэтэл хувьчлал явагдаагүй. Зөвхөн найман айлын орон сууцны өр төлбөрт нэр бүхий нэг компанид шилжүүлсэн байна.
Улмаар 2006 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын 461 дүгээр захирамжаар 985 метр квадрат газрыг нь шилжүүлсэн байгааг баримтаар харж болно.
Ингээд 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Дээд шүүхийн 465 дугаар тогтоолоор тухайн компанийн хөрөнгийг 100% битүүмжлээд үлдсэн хэсгийг улсын орлого болгосугай гэсэн байгаа. Дээд шүүхийн тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ буй.
Гэтэл шүүхийн тогтоолоор битүүмжлэгдсэн хөрөнгөө тухайн компанийн захирал Б.Эрдэнэбилэг гэгч иргэн П.Энхээд шилжүүлсэн байдаг. Тодруулбал Дээд шүүхийн тогтоол гарахаас зургаан хоногийн өмнө ийм зүйл болсон юм.
Бид шүүхийн эл шийдвэрийг эсэргүүцсэний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс гаргасан уг захирамжийг хүчингүйд тооцуулсан.
Үүний дагуу Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-аас уг байгууламжийг иргэн П.Энхээгээс хурааж авах ёстой ч гүйцэтгэл нь удаашралтай явагдаж байна. Энэ хооронд иргэн П.Энхээ нь Улаанбаатар хотын банканд барьцаанд тавиад 11 тэрбум төгрөгийн зээл аваад хувьдаа ашиглачихсан.
Бид 2018 оноос хойш энэ асуудлаар шүүхэд хандаж, П.Энхээгийн өмч биш гээд түдгэлзүүлчихсэн. Ингэж үе үеийн хотын дарга, бизнесийнхэн энэ газарт санаархаж ирсэн түүхтэй юм.
Одоо Хоёрдугаар амаржих газар маань 1959 онд баригдсанаас хойш 65 жилийн дараа шинэ 9 давхар барилгатай болсон. Гэтэл уг барилгын хажуу талд 10-аад метрийн зайд Улаанбаатар их дэлгүүрийн эзэмшигчийн хүү иргэн Г.Баттүшиг барилга барихаар санаархаж буй.
Бид энэ асуудлыг эсэргүүцэж эмч, ажилчид гарын үсэг цуглуулаад тухайн үед нь хэвлэлийнхэнд хандаж байлаа. Ингээд салбарынх нь яаманд 2023 онд хандсан. Яамнаас шинжээч томилогдоод олон хууль зөрчсөн барилгын зөвшөөрөлтэй байгааг хүлээн зөвшөөрсөн.
Иргэн Г.Баттүшиг нь 2,830 метр квадрат газрыг 2020 онд Нийслэлийн Засаг Даргын 1,153 дугаар, 2021 онд Нийслэлийн Засаг Даргын А646 тоот захирамжаар өөрийн өмчлөлдөө авсан. Энэ захирамжийг шүүхээс түдгэлзүүлсэн. Уг шүүхийн шийдвэрийг иргэн Г.Баттүшиг нь давж заалдаад явж байгаа. Энэ хооронд барилгын ажил нь зогсолтгүй үргэлжилж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!