Ирэх амралтын өдөр зохион байгуулагдах парламентын сонгуулийн санал хураалтаас өмнө нийгэмд үймээн самуун дэгдээхээр бэлдэж байсан 74 хүнийг баривчилснаа Молдова улсын ерөнхийлөгч Майя Санду өчигдөр зарлажээ.
Тэднийг Орос улсын оролцоо дэмжлэгтэй ийм ажиллагаа явуулах гэж байсан хэмээн буруутгасан байна.
Тус улсын цагдаагийн байгууллага Даваа гарагт орон даяар 250 гаруй байрлалд нэгэн зэрэг баривчлах ажиллагаа явуулжээ.
“Энэхүү ажиллагаа нь ОХУ-ын зүгээс эрүүгийн элементүүдээр дамжуулан олон нийтийн дунд үймээн самуун дэгдээж, тогтворгүй байдал үүсгэхээр төлөвлөсөн гэмт хэрэгтэй холбоотой байлаа” гэж Молдова улсын цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.
Баривчлагдсан хүмүүс нь 19-45 настай, ихэнх нь Серби улсад бэлтгэгдсэн байсныг ажиллагааг удирдсан прокурор Виктор Фуртуна мэдээлжээ.
Ерөнхийлөгч Майя Санду энэ ажиллагааны талаар “Хүмүүс өдөр бүр худал хуурмаг мэдээллээр хордож байна. Олон зуун хүн эмх замбараагүй байдал, хүчирхийлэлд өдөөн турхирч, айдаст автуулсныхаа төлөө цалин авч байна. Би бүх иргэддээ хандан уриалмаар байна: Бид эх орноо харийн ашиг сонирхолд зориулахыг зөвшөөрөх ёсгүй” гэж мэдэгдсэн байна.
Москвагийн эрх баригчид Молдова улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдогоо үгүйсгэдэг.
Молдовын хөрш Румын бас өөрийн сонгуульд нөлөөлөхийг оролдсонд Орос улсыг буруутгаж байв.
Тухайлбал өнгөрсөн онд хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Калин Жоржеску ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялахад Румыний үндсэн хуулийн шүүх Оросын нөлөө орсон гэх үндэслэлээр үр дүнг хүчингүй болгож байжээ.
Энэ онд сонгуулийг дахин зохион байгуулахад Жоржескуг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан юм.
Ирэх Ням гарагт болох сонгуулийг Санду улс орных нь ирээдүйд төдийгүй Европ тивийн ирээдүйд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа.
Оросын талыг баримтлагчдын засаг тогтвол Молдова улс нь нийт Европын Холбооны эсрэг явуулах хайбрид дайны тавцан болж ашиглагдах аюултайг Санду анхааруулж байгаа.
Молдова улс 2022 онд Украины дайн эхэлсний дараахан Европын Холбоонд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм.
Саяхан Герман, Франц, Польшийн удирдагчид тус улсад айлчилсан нь уг үйл явцыг дэмжих зорилготой байлаа.
Хэдийгээр одоогийн эрх баригч нам ирэх сонгуульд ялах өндөр магадлалтай нь санал асуулгуудаас харагдаж байгаа ч намуудын авсан саналын тоо ерөнхийдөө ойролцоо гарна гэж ажиглагчид үзэж байна.
Сонгуулийн өрсөлдөөн нэг талаас Сандугийн эрх баригч Үйл хэрэг, Эв Нэгдлийн Нам, нөгөө талаас Оросын талыг баримтлагч Эх Орончдын Эвслийн хооронд өрнөж байгаа.
Эх Орончдын Эвслийн удирдагчдын нэг, Молдовын ерөнхийлөгч асан Игорь Додон өчигдрийн ажиллагааны үеэр зарим гишүүд нь баривчлагдсаныг Телеграм хуудсараа мэдээлжээ.
“Эрх баригчид биднийг айлгаж, ард түмнийг айлгаж, чимээгүй болгохыг оролдож байна” гэж тэр анхааруулсан байна.
АНУ, Европын Холбооны хар жагсаалтад орсон, одоо Москвад толгой хоргодож байгаа Молдовын бизнесмэн Илан Шор өнгөрсөн сард засгийн газрын эсрэг жагсаалд оролцох эх орон нэгтнүүддээ $3,000-ын шагнал амлаж байв.
Ням гарагийн сонгуульд гадаадад оршин суудаг Молдовын нэг сая гаруй сонгогч голлох нөлөөтэй гэж үзэж байна. Өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдардаг 300,000 хүн саналаа өгсөн нь 2.4 сая хүн амтай Молдовын ерөнхийлөгчөөр Майя Санду дахин сонгогдоход чухал үүрэг гүйцэтгэж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!