Орос, Беларусийн 32 тамирчин "Милан Кортина 2026" өвлийн олимпод оролцоно
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх Зөвлөл Италийн Милан хотод хуралджээ. Энэ хурлаар 2026 оны өвлийн олимпод ОХУ, Беларусийн 32 тамирчин, 10 спортын төрлөөр оролцох эрх олгосон байна.
Гэхдээ тамирчид Төвийг Сахисан Статус (AIN)-ын дор оролцох ёстой гэв.
Тодруулбал
- Олимпод оролцох эрх авсан Орос, Беларусийн тамирчид төвийг сахисан статусын дор оролцоно,
- Тамирчдын амжилтыг багийн амжилтад тооцохгүй,
- Дайныг дэмжихгүй байх, ямар нэгэн байдлаар дайныг дэмжсэн тамирчдыг олимпод оролцуулахгүй,
- Орос, Беларусийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлын албатай гэрээ байгуулсан тамирчид тэмцээнд оролцох эрхгүй,
- Олон Улсын Допингийн Эсрэг бүхий л шаардлагыг хангасан байхыг шаарджээ.
Олимпын эрх авсан тамирчид дээрх болзлыг хангаж байгаа эсэхийг шалгах Ажлын хэсгийг ОУОХ-ноос томилжээ. Тус Ажлын хэсгийн ахлагчаар ОУОХ-ны гишүүн Николь Ховарць томилогдож, гишүүнээр нь нэрт сагсан бөмбөгчин, ОУОХ-ны Ёсзүйн болон тамирчдын зөвлөлийн гишүүн Пао Газоль, ОУОХ-ны спорт холбоодыг төлөөлж Моринари Ватанабэ нар багтсан байна.
Сонирхуулахад ОХУ-ын уран гулгагчид цагаан олимпод өрсөлдөх эрхээ авсан юм. БНХАУ-ын Бээжин хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд уран гулгагч Аделия Петросян болон Виктория Сафонова нар эрхээ авсан аж.
Эх сурвалж: Olympics.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
