Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 9 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийн асуудалд улс төрийн шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийг шинэ дэгээр хэлэлцэж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн есдүгээр сарын 1-нд төсвийн хуулиа өргөн барьдаг болсон. Төсвийг өргөн барьснаас хойш аравдугаар сарын 1-нийг хүртэл хэлэлцдэггүй байсан. Энэ хооронд Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг газрууд үнэлгээ, дүгнэлт өгөөд явдаг байсан. Энэ жилээс эхлэн шинэ цаглавраар төсвөө хэлэлцэж байна. Энэ цаглавраар УИХ-ын чуулган есдүгээр сарын 15-нд эхэлдэг болсон. Гэхдээ есдүгээр сарын 15-наас эхлэх хэлэлцүүлэгт санал хураахгүй, танилцах хэлэлцүүлэг юм. Ингээд аравдугаар сарын 1-н хүртэл буюу төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг хүртэл янз бүрийн түвшинд хэлэлцүүлгүүд явах ёстой.

Энэ долоо хоногоос байнгын хороодын хэлэлцүүлэг эхэлж байна. Хоёрдугаар хэлэлцүүлэг маш чухал. Учир нь 2026 оны жилийн төлөвлөгөөнд Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл нийцэж байгаа эсэхээр санал хураалт явуулна. Тиймээс санал хураалтын өмнө бүлэг хуралдаж төсвөө хэлэлцлээ. Ингээд танхимд байсан нийт гишүүн 100 хувийн саналаар төсвөө цааш нь хэлэлцээд явъя гэдэг дээр санал нийлж, улс төрийн шийдвэр гаргалаа” гэв.

Төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг олон хувааж, жил дамнуулж олгож байна гэдэг шүүмжлэл гарсан.

Энэ талаар Сангийн сайд “Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат эрс сайжирсан. Бэлтгэл ажил хангалтгүй, сунжрах төлөвтэй төсөл, хөтөлбөрүүд эрс багассан. Ирэх жилүүдэд дуусах нэлээн олон төсөл байгаа. Энэ дунд 2017, 2018, 2019 онуудад эхэлсэн төсөл маш цөөхөн үлдсэн. Тэдгээрийг хурдан дуусгах шаардлагатай байна.  

Мөн төсөл, хөтөлбөрийн санхүүжих дүнг гурав хувааж тавьдаг болсон. Амсуулж тавина гэдэг юм түүх болж үлдсэн. Гурав хувааж тавихаар нэг удаа санхүүжих дүн нэмэгдэнэ. Ингэснээр хугацаандаа ашиглалтад орох нь нэмэгдэнэ гэсэн үг" гэдэг хариулт өгөв.