Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунбат: Энэ оны эхний есөн сард нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1,937, усны ослын 27 дуудлага бүртгэгдсэн

Б.Манлай
2025 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд гарсан гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдлын талаар өнөөдөр танилцууллаа.

Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар гал түймрийн 1,937, аврах ажиллагааны 205, нийт 2,142 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21.1 хувиар өссөн дүнтэй байна.

2025 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 3,200 ажилтан, алба хаагч, 853 автомашин, 266 завьтай үүрэг гүйцэтгэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд 2025 онд усны ослын дуудлага 27 удаа бүртгэгдэж, 216 алба хаагч 29 техниктэй ажиллаж, 38 иргэнийг аварсан. Сэрэмжлүүлэг яриаг 47,972 иргэнд, дараах материалыг 24,269 иргэнд, голын эрэг буюу эрсдэлтэй байршлаас 3,966 автомашиныг холдуулаад байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд есөн байгууллагын 178 ажилтан, албан хаагч, сайн дурын 350 оюутан 58 автомашин, техник хэрэгсэлтэй 2,169 га талбайд 31 тонн хог хаягдал цэвэрлэжээ.

Харин тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд таван байгууллагын 1,091 ажилтан, алба хаагч 73.9 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 62.3 мянган иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн байна.

Шалгаалтаар 24 удаагийн үйлдлээр 57 тарвагыг илрүүлж, 17.1 сая төгрөгийн торгууль, 46.7 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ.