Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөнгөн Атлетикийн ДАШТ-ий онцлох амжилтууд...

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Японы нийслэл Токио хотод хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өндөрлөлөө.

20 дахь удаагийн ДАШТ-д 198 орны тамирчид 49 багц медалийн төлөө өрсөлдөв. Нийт 53 орон ямар нэгэн медаль хүртсэнээс АНУ-ын баг 16 алт, 5 мөнгө, 5 хүрэл медалиар тэргүүллээ. 

Япон Улс хөнгөн атлетикийн ДАШТ-ийг гурав дахь удаагаа зохион байгуулав. Тэд хамгийн анх 1991 онд Токиод, 2007 онд Осакад зохион байгуулсан туршлагатай.

Багийн дүнгээр медалийн тоогоор ч чансаагаар ч манлайлсан "Сэм авгынхан" хамгийн олон буюу 141 хүний бүрэлдэхүүнтэй Японд "газардсан" юм. Тэдний араас Итали 88, Австрали 86, Герман 83, Япон 80 оролцлоо.

Манай улсаас марафоны төрөлд Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар хурд сорьсон юм.

зураг
 

Өдгөө 43 настай марафонч Б.Сэр-Од 2:30:09 цагийн амжилтаар барианд орсноор 65 дугаар байр эзэлсэн. Тэрбээр 2003 оноос хойш өдгөөг хүртэл олимп, дэлхийн 18 тэмцээнд оролцсон амжилтаараа рекорд тогтоогоод буй. 

2011 онд Лондоны марафонд шилдэг наймд орж байсан Б.Сэр-Од гавьяат тэр жил БНСУ-д болсон ДАШТ-д замналынхаа хамгийн оргил амжилтыг үзүүлж, 19 дүгээр байранд орж байв. 

2014 онд Фүкүокагийн марафонд хувийн дээд амжилтаа үзүүлж, 2:08:50 цагт замаа дуусгасан билээ.

зураг
 

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн рекорд тогтоосон ганц хүн бол алдарт Шведийн алдарт Мондо Дюплантис. Тэрбээр өөрийнхөө тогтоосон рекорд амжилтаа 6.30 метр болгосноор 170,000 ам.долларын урамшуулал авсан юм. 

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (IAAF)-ноос дэлхийн дээд амжилт тогтоовол 100,000 ам.доллар, ДАШТ-д түрүүлбэл 70,000 ам.доллар өгдөг. Өдгөө 26 настай Дюплантис хамгийн анх 2020 онд дэлхийн рекорд тогтоосон. Үүнээс хойш өөрийнхөө тогтоосон амжилтыг 14 удаа ахиулаад байна.

зураг
 

Энэ удаагийн ДАШТ-ээс Самоа Улс анхны медалиа авчээ. Тэмцээний сүүлийн өдөр болсон зээрэнцэг шидэлтийн төрөлд тус улсын тамирчин Алекс Рөүз 66.96 метрийн амжилтаар хүрэл медаль зүүснээр улсынхаа түүхэнд нэрээ мөнхөлсөн байна. 

33 настай Алекс АНУ-д төрсөн. Ахлах сургуульдаа америк хөлбөмбөг, сагсан бөмбөгөөр давхар хичээллэж явсан ч зээрэнцэг шидэлтээрээ тууштай хичээллэхээр шийдсэн нь үр дүнд хүрэв. Тэрбээр 2012 оноос эцгийнхээ төрөлх нутаг болох Самоагийн иргэншилтэй болжээ.

зураг
 

Америкчууд 4х100 метрийн эрэгтэйчүүдийн буухиа уралдаанд аварга цолоо хамгаалав. Ноа Лайлс энэ удаагийн ДАШТ-д гурав дахь медалиа хүртсэн юм. Тэрбээр эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд алт, 100 метрийн уралдаанд хүрэл медаль зүүсэн бол 4х100 метрийн буухианд багаа манлайлсан.

Эмэгтэйчүүдийн 4х100 метрийн буухианд америк бүсгүйчүүд аварга цолоо хамгаалсан бол Ямайк мөнгө, Герман хүрэл медаль зүүлээ. 

Ингэснээр Ямайкийн алдарт гүйгч Шелли-Энн Фрайзер Прайс 38 насандаа дэлхийгээс 17 дахь медалиа авч, их спортоо орхиж байна. 

Ирэх арванхоёрдугаар сард 39 нас хүрэх ямайк бүсгүй олимпын 3 алт, 4 мөнгө, 1 хүрэлтэй бол дэлхийгээс 10 алт, 6 мөнгө, 1 хүрэлтэй билээ.