Өчигдөр буюу Ням гарагийн өглөө ОХУ-ын Новосибирск мужийн Татарск хотын тавдугаар дунд сургуулийн барилгын нэг хэсэг нуржээ.
Өмнөх өдөр нь Москва хотод бас нэг дунд сургуулийн барилга нурсан юм.
Новосибирск мужийн онцгой байдлын албаны мэдээлснээр өчигдөр өглөөний 10:40 цагт сургууль нурсан тухай дуудлага иржээ.
Амралтын өдөр сургууль эзгүй байсан тул хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүй байна.
Орон нутгийн прокурорын алба ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ. ОХУ-ын Мөрдөн Байцаах Хороо “хайхрамжгүй байдал” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Татарск хотын захиргааны мэдээлснээр уг сургуулийн барилгыг 1937 онд барьсан бөгөөд 2019 онд 70 гаруй хувийн эвдрэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байсан гэнэ.
Бямба гарагт Москва хотын Знаменская гудамжинд засварын ажил явагдаж байсан 1080 дугаар сургуулийн барилга нурсан юм.
Энэ үеэр барилгыг засварлаж байсан хоёр ажилчин амиа алдсан байна.
ОХУ-ын Мөрдөн Байцаах Хороо барилгын засварын үеэр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!