Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан H-1B төрлийн визийн хураамжийг $100,000 болгон эрс өсгөх захирамжид гарын үсэг зурсан билээ.
Тухайн үед АНУ-ын худалдааны сайд Ховард Лютник уг хураамж жил тутмынх болохыг дахин дахин хэлж байсан юм.
Тэгвэл маргааш нь Цагаан ордны эх сурвалж $100,000-ын хураамж нь нэг удаагийнх бөгөөд зөвхөн шинээр виз хүсэгчдэд үйлчлэхийг залруулан мэдээлжээ.
Маргаан дагуулсан энэ захирамж хууль эрх зүйн нэлээд саад бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байна. Ямартай ч захирамж Ням гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхэлжээ.
Одоо АНУ-ын компаниуд Трампын захирамж үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлөхийг судалж эхлээд байна.
Хэд хэдэн том компани гадаад ажилтнууддаа асуудал тодорхой болтол АНУ-аас гарч явахгүй байхыг анхааруулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн гадагшаа явах гэж байсан зарим мэргэжилтнүүд буцаад АНУ-д ирж чадахгүй болохоос болгоомжлон аяллаа цуцалсан байна.
H-1B төрлийн виз нь Америкийн компаниудад гадаадаас нарийн мэргэжлийн инженерүүд, программ зохиогчид, судлаачдыг ажиллуулах боломж олгодог.
Ийм визээр АНУ-д ирсэн мэргэжилтнүүд гурван жил ажиллаад зургаан жил хүртэл сунгах боломжтой байдаг юм.
2024 онд АНУ нийт 400,000 орчим H-1B виз олгосны гуравны хоёр нь сунгалт байжээ.
H-1B төрлийн визийн 70 орчим хувийг Энэтхэг улсын иргэд авдаг гэдэг.
Трамп гаргасан шийдвэрээ Америкчуудын ажлын байрыг гадаадын иргэдэд алдахаас сэргийлэх зорилготой гэж тайлбарласан.
Гэвч Трампын холбоотон асан тэрбумтан Илон Маск тэргүүтэй технологийн салбарын бизнесмэнүүд АНУ-ын зах зээлийн хүний нөөцийн эрэлтийг дотоодоосоо хангах боломжгүй гэж үздэг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!