АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр H-1B төрлийн визийг жилийн $100,000-ын хураамжтай болгох захирамжид гарын үсэг зуржээ.
Америкийн компаниуд, ялангуяа технологийн салбарын компаниуд ийм визээр гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулдаг юм.
Трампын гаргасан шийдвэр H-1B виз олголтын 71 хувийг эзэлдэг Энэтхэг улсад том цохилт болж байна.
Жил тутмын өндөр хураамж нь өмнөх H-1B виз эзэмшигчдэд үйлчлэхгүй, зөвхөн шинээр авах хүмүүст үйлчлэх ажээ.
Трампын захирамжийг Цагаан ордон энэ төрлийн визийн зориулалтыг буруугаар ашиглах явдлыг таслан зогсоох, америкчуудын ажлын байрыг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байгаа.
“H-1B виз жилийн нэг зуун мянган ам долларын хураамжтай болж байна. Бүх том компаниуд үүнийг төлдөг болно. Бид тэдэнтэй ярилцсан. Хэрвээ хэн нэгнийг сургах гэж байгаа бол манай улсын томоохон их сургуулиудын төгсөгчдийг сургах хэрэгтэй. Америкчуудыг сурга. Манай ажлыг булаах хүмүүсийг битгий авчир” гэж АНУ-ын худалдааны сайд Хобард Лютник мэдэгджээ.
Гэхдээ сонгуульд өрсөлдөж байхдаа технологийн компаниудаас их хэмжээний хандив авч байсан Трампын хувьд энэ захирамж нэлээд хэл ам дагуулахаар байна.
Тухайлбал түүний гол дэмжигчдийн нэг байсан тэрбумтан Илон Маск дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд Америкийн компаниуд гадаадын сайн мэргэжилтнүүдийг авчрах зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
Өмнөд Африкт төрсөн тэрбээр өөрөө H-1B визээр АНУ-д хөл тавьж байсан хүн юм.
H-1B төрлийн визээр АНУ-д ирэгсдийн гуравны хоёр нь компьютертой холбоотой ажил мэргэжлийнхэн байдаг гэсэн албан ёсны тоо баримт бий.
Ийм визийн 71 хувийг Энэтхэг, 11.7 хувийг Хятад улсын иргэд авдаг байна.
Өчигдөр Энэтхэгийн гадаад хэргийн яам Трампын захирамж тус улсын иргэдийн тодорхой хэсгийн амьдралд ноцтой хохирол учруулахаар байгааг анхааруулжээ.
Трамп сая бас АНУ-ын “Алтан” болон “Платинум” визийн хөтөлбөрийг шинээр зарласан байна.
Тухайлбал $1 саяыг төлсөн хүн АНУ-д байнга оршин суух эрхтэй “Trump Gold Card” визийг авах ажээ. Харин $5 саяыг төлсөн хүн “Platinum Card” виз авч, жилийн 270 хүртэл хоногт гадаад зах зээлээс олдог орлогоосоо татвар төлөлгүй АНУ-д оршин суух боломжтой байх гэнэ.
Бизнесийн байгууллагууд $2 саяыг төлбөл тодорхой бус тооны ажилтнууддаа АНУ-д оршин суух эрх авч болох ажээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!