Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Украин улс Оросын түрэмгийллийн эсрэг дайнаа санхүүжүүлэхийн тулд өөрийн үйлдвэрлэсэн зэвсгийг экспортлохоор болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Украин улс Оросын түрэмгийллийн эсрэг дайнаа санхүүжүүлэхийн тулд тэнгисийн дрон зэрэг өөрийн дотоод үйлдвэрийн зарим төрлийн зэвсгийг экспортлохоор төлөвлөж буйг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.

2022 онд дайн эхэлснээс хойш Украин улс Өрнөдийн хөрөнгө мөнгө, зэр зэвсгээс ихээхэн хамааралтай байсан бол одоо нисгэгчгүй онгоц зэрэг зарим зэвсгийг дотооддоо үйлдвэрлэдэг болоод байгаа.

“Бидэнд одоо зарим төрлийн зэр зэвсэг Украины хэрэгцээнээс хамаагүй их хэмжээтэй байгаа” гэж өдөр тутмын мэдэгдлийнхээ үеэр хэлсэн Зеленский тэнгисийн дрон, танк эсэргүүцэгч зэргийг жишээ болгон дурджээ.

“Хяналттай экспортын ачаар бид өөрийн зэвсэгт хүчинд хэрэгтэй байгаа зүйлсийг үйлдвэрлэх мөнгө хуримтлуулах боломжтой” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Зеленский бас Украины зэвсгийг АНУ, Европ болон бусад дэмжигч улс орнууд сонирхож байгааг энэ үеэр мэдээлжээ.

Сүүлийн саруудад Украины эрх баригчид нисгэгчгүй онгоц нийлүүлэх хэд хэдэн саналыг АНУ-ын засаг захиргаанд тавьсан ч одоогоор хэрэгжээгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп өөрийн улсын Украинд үзүүлж буй зэр зэвсгийн тусламжид шүүмжлэлтэй ханддаг.

Сүүлд Европын орнууд АНУ-ын зэвсгийг өөрийн хөрөнгөөр худалдан авч Украинд нийлүүлдэг болоод байгаа.

Германы Kiel Institute байгууллагын тооцоолсноор 2022 оноос хойш Европын орнууд 167 тэрбум евро, АНУ 114 тэрбум еврогийн тусламж дэмжлэгийг Украин улсад үзүүлсэн байна.

 

Эх сурвалж: AFP