Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп АНУ-ын H-1B төрлийн визийг $100,000-ын хураамжтай болгох гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-д гадаадаас мэргэжлийн ур чадвартай ажиллах хүч татах зориулалттай H-1B төрлийн визийг $100,000-ын хураамжтай болгох захирамжид ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй гарын үсэг зурах гэж байгааг Цагаан ордны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Захирамж нь ийм төрлийн визийг урвуулан ашиглах явдлыг зогсоох зорилготой бөгөөд зөвхөн хураамжийг төлсөн тохиолдолд олгодог байх гэнэ.

H-1B төрлийн визийн хөтөлбөрийг зарим нь америкчуудын ажлын байрыг булааж байгаа гэж шүүмжилдэг бол Илон Маск зэрэг бизнесмэнүүд дэлхийн өнцөг булан бүрээс сайн мэргэжилтнүүдийг АНУ-д татах боломж олгодог гэж сайшаадаг.

Үүнээс гадна Трамп ийм хөтөлбөрт хамрагдсан гадаадын иргэдийн цалин хөлсний доод хэмжээг эргэж харах тусдаа захирамж гаргах гэж байгааг эх сурвалж мэдээлжээ.

АНУ-ын эрх баригчид 2004 оноос хойш H-1B төрлийн виз олголтыг жилд 85,000-аар хязгаарлах болсон.

Одоогоор ийм визийн хураамж ажил олгогчийн хэмжээнээс хамааран $215-аас $780-ын хооронд байдаг.

Үүнээс гадна залилан, луйвраас урьдчилан сэргийлэхэд зориулах $500-ын хураамж төлдөг гэсэн мэдээлэл бий.

Америкийн компаниуд гадаадаас ажиллах хүч авахад жил бүр хэдэн арван мянган доллар зарцуулдаг байна.

Ийм хөтөлбөрийг хамгийн их ашигладаг компаниудыг Amazon, Tata, Microsoft, Meta, Apple, Google тэргүүлдгийг албаны тоо баримт харуулжээ.

H-1B визийг тойрсон маргаан Трампын хүрээлэл дотор хуваагдал үүсгэдэг гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Трамп өөрөө заримдаа дэмжсэн, заримдаа шүүмжилсэн байр суурь илэрхийлдэг байв.

 

Эх сурвалж: BBC