Баасан гарагт Эстони улсын агаарын хилд Оросын гурван байлдааны нисэх онгоц нэвтэрснийг НАТО-гийн сөнөөгч онгоцнууд албадан буцаажээ.
Тухайлбал Оросын гурван МиГ-31 сөнөөгч онгоц Финландын булангийн дээрх агаарын орон зайд нэвтэрснээсээ хойш 12 минутын дараа буцсаныг Эстонийн гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
Тэднийг Эстонийн агаарын оройн зайн зүүн хойд талаас нэвтрэхэд Финланд улсын сөнөөгч онгоцнууд дагаж нисжээ. Дараа нь Италийн F-35 сөнөөгч онгоцнууд тэднийг албадан гаргасан байна.
Эстонийн гадаад хэргийн яам ОХУ-ын хэргийг түр хамаарагчид эсэргүүцэл илэрхийлж, НАТО-гийн гэрээний дөрөвдүгээр заалтын дагуу бусад гишүүн орнуудтай яаралтай зөвлөлдөх санал гаргажээ.
Оросын эрх баригчид одоогоор энэ тухай мэдэгдэл гаргаагүй байна.
Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн бас нэг гишүүн улс Польшийн агаарын орон зайд Оросын 19 нисгэгчгүй онгоц нэвтэрсний заримыг агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг хэрэглэн устгаж байв.
Дараа нь Румыний агаарын хилд бас нэг дрон нэвтрээд буцсан юм.
Эстонийн гадаад хэргийн сайд Маргус Цахкна үүнийг “урьд өмнө гарч байгаагүй увайгүй үйлдэл” гэж нэрлэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хил хязгаарыг турших, түрэмгийлэх Оросын үйлдэл улам нэмэгдэж байгаа нь улс төр, эдийн засгийн дарамт шахалтаа хурдан нэмэгдүүлэх ёстойг харуулж байна” гэсэн юм.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Бид гишүүн улсуудынхаа батлан хамгаалах хүчин чадлыг Европын нөөц хөрөнгөөр нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэх болно. Путин манай шийдэмгий байдлыг туршиж байна. Бид сул дорой байдал харуулах ёсгүй” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Бид өдөөн хатгалга бүрд шийдэмгий хариу арга хэмжээ авахын зэрэгцээ зүүн жигүүрийнхээ хүчин чадлыг улам нэмэгдүүлэх болно. Аюул занал нэмэгдэхийн хэрээр бидний үзүүлэх дарамт ч бас нэмэгдэх болно” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн дроны халдлагын дараа Их Британи, Франц, Герман, Дани улсууд байлдааны нисэх онгоцнуудаа Польшийн агаарын орон зайг хамгаалуулахаар илгээсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!