Руанда Улсын нийслэл Кигали хотод энэ сарын 21-нээс 29-нийг дуустал засмал замын дугуйн 98 дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.
Анх удаагаа Африк тивд зохиогдох тус тэмцээнд эрх авсан 200 дугуйчин уралдах юм. Мөн энэ жилээс анх удаа 23-аас доош насны залуу дугуйчид тусдаа ангилалд уралдахаар болжээ.
Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор элит ангилалд Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, бөөн гараанд Х.Тэмүүлэн нар уралдахаар бэлтгэл сургуулалтаа хангаж байна.
Засмал замын дугуйн ДАШТ-ээс хамгийн олон медаль хүртсэн улс бол Итали. Тэд 59 алт, 49 мөнгө, 44 хүрэл медаль хүртсэн бол Бельги 41 алт, 33 мөнгө, 31 хүрэл, Нидерланд 39 алт, 34 мөнгө, 29 хүрэл медалиар удаалж буй.
Өнгөрсөн жил элит уралдаанд С.Жамбалжамц, бөөн гараанд Б.Тэгшбаяр нар уралдсан. С.Жамбалжамц замаа дуусгаж чадаагүй бол Б.Тэгшбаяр 59:21.95 цагийн амжилтаар 59 дугуйчнаас 37 дугаар байр эзэлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!