Netflix -ийн Physical Asia реалити шоуд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлав
Дэлхийд алдартай "Netflix" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" шоуны дараагийн анги "Physical Asia" нэвтрүүлэгт Монголын баг оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез болон Турк Улсаас баг оролцож байгааг "Netflix" албан ёсны цахим хуудсаараа зарлаж байв.
Тэгвэл өнөөдөр оролцох багуудын мэдээллийг цахим хуудсандаа байршуулжээ.
Монголын багт
- Монгол Улсын арслан Б.Орхонбаяр,
- холимог тулаанч Б.Энх-Оргил,
- 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,
- волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн,
- жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн,
- Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар оролцохоор болжээ.
Тэдний оролцсон нэвтрүүлэг ирэх аравдугаар сарын эхний долоо хоногт олонд цацагдах хуваарьтай.
Мөн БНСУ-ын багт холимог тулаанч асан Ким Дон Хюн, скелетоны төрлөөр өвлийн олимпын аварга болж байсан Юн Сүн Бин, Physical 100 шоуны хоёрдугаар улирлын ялагч Амоти нар орсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
