Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Пүрэвдоржийн Орхон найман жилийн дараа ДАШТ-ий хос медальтан боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Хорватын Загреб хотноо үргэлжилж буй Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны бөхийн төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн медальтнууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон хүрэл медалийн төлөө Нигерийн нядхан Эстер Колаволетой хүч үзсэн юм. Африк тивийн гурван удаагийн аварга, Африкийн наадмын аварга, өдгөө 23 настай Э.Колаволе дагах барилдаанд Унгарын Николетт Чаботой барилдах байсан ч өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гарч ирээгүй.

Ингээд хүрлийн төлөө П.Орхон өрсөлдөгчөө 6:5-аар ялснаар ДАШТ-ий хос медальтан боллоо.

Энэ жил 31 настай гавьяат бүсгүй 2017 оны Парист зохиогдсон дэлхийн аваргад Украины Юлья Ткачийг буулган авч, алтан медаль хүртсэн түүхтэй.

Ийнхүү Монголын тамирчид энэ удаагийн ДАШТ-д нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Эрчүүдээс 70 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 30 оноо цуглуулж, есдүгээр байр эзэлсэн бол Т.Энхжин, Т.Алтжин, П.Орхон нар хүрэл медаль зүүсэн үзүүлэлтээр 65 оноогоор эмэгтэй баг тамирчид долдугаарт жагслаа.