Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд үлдээсэн агаарын баазаа АНУ буцааж авах хүсэлтэй байгааг Трамп илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Афганистанд үлдээсэн стратегийн ач холбогдолтой агаарын баазаа Талибаны эрх баригчдаас буцааж авах хүсэлтэй байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Баграмын бааз нь Афганистан дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз байсан бөгөөд Хятад улсын хилд ойр оршдог тул стратегийн өндөр ач холбогдолтойд тооцогддог.

Их Британид хийсэн төрийн айлчлалынхаа төгсгөлд тус улсын ерөнхий сайд Кэйр Стармертай хамт хэвлэлийн хуралд оролцохдоо Трамп “Энэ бол дэлхийн хамгийн том агаарын баазуудын нэг. Бид тэдэнд үнэ төлбөргүй үлдээсэн. Ташрамд дурдахад бид үүнийгээ буцааж авахыг хичээж байна. Тэдэнд хэрэгтэй юм бидэнд байгаа учраас буцааж авахыг хүсэж байна. Энэ баазыг хүсэж байгаа нэг шалтгаан нь Хятад улсын цөмийн зэвсэг бүтээдэг газраас нэг цагийн зайд оршдогт байгаа юм” гэж хэлжээ.

2021 онд АНУ-ын цэргийг Афганистанаас эмх замбараагүй гаргасан өмнөх ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилсэн Трамп их хэмжээний зэр зэвсэг, эд хөрөнгө, цэргийн баазууд Талибанчуудын гарт үлдсэнд харамсаж явдгаа илэрхийлсэн байна.

зураг
 

Баграм нь их хэмжээний төмөр бетон, гангаар байгуулагдсан дэлхийн хамгийн том хөөрөх зурвастай бааз болохыг энэ үеэр онцолжээ.

Үнэхээр Баграмын бааз нь бөмбөгдөгч онгоц, том оврын ачааны онгоц буулгах, хөөргөх хүчин чадалтай 3,600 метр урт үргэлжилсэн зурвастай юм.

Энэ оны хоёрдугаар сард Трамп засгийн газрынхаа хуралдааны үеэр мөн энэ байгууламжийг буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхдээ Баграмын бааз Хятад улсын мэдэлд шилжиж байгааг анхааруулж байв.

Тухайн үед Талибаны засгийн газар түүний хэлснийг няцааж байлаа.

Өчигдөр Трамп бас Украины дайныг зогсооход гаргаж буй хүчин чармайлтад нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саад учруулсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

“Ерөнхийлөгч Путинтэй сайн харилцаатай байдгийнхаа хувьд би үүнийг хамгийн амархан зүйл гэж бодож байлаа. Гэвч тэр миний урмыг хугалсан. Үнэхээр миний урмыг хугаллаа. Гэхдээ бид үүнийг хийх болно” гэж тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Reuters