Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн орон сууцны барилгыг дахин төлөвлөхдөө давхрын өндрийг нэмэхгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын төв хэсэг Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхлээд буй.

Энэ талаар Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Аливаа хот улсынхаа болоод хотынхоо түүх соёлыг илэрхийлсэн, өвийг хадгалсан төвтэй байдаг. Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойруу орчим нь “Монгол түмний итгэлт орон сууц өргөө” нэртэйгээр анх төлөвлөгдөж байсан. Гэр хэлбэртэй гэдгээрээ бусад хотоос онцлог гэж тэмдэглэгдсэн байдаг.

Гэтэл өдгөө зөвшөөрөлгүй өргөтгөлүүд баригдаж, соёлын өв болсон түүхэн дурсгалт барилгуудын хэв шинж алдагдахад хүрчээ. Энэ асуудлын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй төслүүдийг дахин төлөвлөж хэрэгжүүлэхдээ анхны хэв шинжийг алдагдуулахгүй байх, давхрыг өндөр болгож нэмэхгүй байх гэсэн шийдвэрийг НИТХ-аар гаргуулахаар ажиллаж байна.

Иргэд дахин төлөвлөлтийн төслүүдэд саналаа идэвхтэй өгсөн бөгөөд хүртээмжтэй, эрүүл, аюулгүй, цэцэрлэг, сургууль, зогсоол, ногоон байгууламжийн хүрэлцээ өндөртэй нам давхар орон сууцанд амьдрах саналаа илэрхийлсэн. 

Бага тойруу буюу 243 га нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй 72 барилга, байгууламж байгаагаас хүчитгэх боломжтойг нь судалж, шаардлага хангахгүйг нь дахин төлөвлөхдөө давхрын өндрийг нь нэмэлгүй, анхны архитектурын хэв шинжийг нь алдагдуулалгүй, фасадыг нь өмнөхтэй адилаар төлөвлөх арга хэмжээг авч ажиллаж байна” гэж мэдээллээ.

Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй нийт 376 барилгын 40-50 нь хотын төвд байдаг.