Нисгэгчид нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас олон улсын нислэг олон цагаар саатсан зөрчлүүд дараалан гарсантай холбогдуулан Японы агаарын тээвэрлэгч Japan Airlines (JAL) компани өөрийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн 37 хүний цалинг хасахаар болсныг өчигдөр зарлажээ.
Ер бусын ховор энэ алхмаа “Аюулгүй байдлын талаар ойлголт мэдлэгийг дээшлүүлэх дотоод шинэчлэлтийн үйл явц хангалтгүй байгаатай холбоотой” гэж тус компани тайлбарласан байна.
Өнгөрсөн долоо хоногт Япон улсын Газар, Дэд бүтэц, Тээвэр, Аялал жуулчлалын яам тус компанид сануулга өгч, авсан урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ талаар эргэн мэдээлэх үүрэг өгсөн юм.
Авсан арга хэмжээний хүрээнд JAL компанийн ерөнхийлөгч Мицүко Тоттори хоёр сарын цалингаа 30 хувиар хасуулахаар болжээ.
Нислэгийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал нэг сарын цалингаа 20 хувиар хасуулах бол бусад бүх захирлууд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нэг сарын цалингаа 10 хувиар хасуулах болсон байна.
Хамгийн сүүлд онгоцны ахмад архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас Хавай-Япон чиглэлийн гурван нислэгийн хоёр нь 18 цаг саатсан юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Австралийн Мельбурн хотоос Токио чиглэлд нисэх онгоцны хоёр нисгэгч согтууруулах ундааны шалгалтад бүдэрсний улмаас нислэг гурван цагаар саатаж байжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!