Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой Байдлын Газар, "Тавантолгой түлш" ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ хамтран мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ "Он гарсаар нийслэлийн хэмжээнд нийт 1,909 удаагийн объектын гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж иргэд, ААН, байгууллагуудын 253 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 2,600 гаруй иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалаад байна.
Дээрх гал түймрийн улмаас иргэд, ААН, байгууллагын өмч хөрөнгөд 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 18 иргэн түлэгдэж, 17 иргэний амь нас эрсэдсэн харамсалтай мэдээлэл бий. Гал түймрийн 67 хувь нь гэр хороололд гарсан байна.
Гал гарч буй шалтгаан нөхцөлийн 50 гаруй хувь
Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна" гэлээ.
Үргэлжлүүлэн "Гал түймэр, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл, НОБГ хамтран “Дөрвөн асуудал нэг шийдэл” аяныг жилийн турш хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Хүйтний улирал эхлэхээр галлагаа эхэлдэг. Галлагаа эхлэхээр гал түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлж айл өрхийн өмч хөрөнгийг авран хамгаалах зорилгоор НОБГ-аас “Сэргийлье, хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна.
Энэхүү арга хэмжээг дөрвөн үе шаттайгаар явуулж иргэдэд мэдээлэл хүргэнэ.
Гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүддээ сэрэмжлүүлэг мэдээлэл, хяналт шалгалт, заавар зөвлөмж хүргэж ажиллана. Иргэд маань мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг хэрэгжүүлж, өдөр тутамдаа сэрэмжлээрэй.
Бидний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гэр орон маань гал түймэрт өртөх вий, үр хүүхэд хайртай хүмүүс маань өртчих вий гэсэн сэрэмжлүүлгийг байнга санаж, аюулгүй байдлын заавар зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг уриалъя" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!