Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Испанийн Ерөнхий сайд Израилийг спортын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх санал гаргасныг ОУОХ дэмжсэнгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес хэдхэн хоногийн өмнө Социалист Ажилчдын Нам (PSOE)-ын хурал дээрээ тавьсан илтгэлдээ Газын зурваст явуулж буй Израилийн Засгийн Газрын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ингэхдээ спорт холбоод израиль тамирчдыг тэмцээнд оролцуулж байгаагаа эргэж харах хэрэгтэй гэв. Оросууд Украин руу халдан довтолсныхоо шанд сүүлийн хэдэн жил томоохон тэмцээнд оролцоогүй. Тэгвэл Газын зурваст явуулж буй бодлогынхоо үр дүнд Израильд ч бас ижил арга хэмжээ авахыг П.Санчес дурдсан байна.

Тэгвэл улс төрчийн энэ уриалгыг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. 

Израиль болон Палестины Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны үйл ажиллагааг цаашид ч эрчимтэй дэмжихээ бас зарласан юм. Ингэхдээ өнгөрсөн жил болсон Парисын зуны олимпыг "сайн жишээ"-г онцолжээ.

Олимпын хотхонд хоёр улсын тамирчдын харилцаа сайн байсныг ОУОХ мэдэгдэлдээ бичжээ.

Испанийн спортын сайд Пилар Алегрия Италийн Милан хотод энэ долоо хоногт болох ОУОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн хурлын хэлэлцэх гол асуудлын нэг нь Израиль гэж орон нутгийн SER радиод өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Энэ сарын эхээр Испанийн Билбао хотод мэргэжлийн дугуйн "Vuelta" уралдааны 11 дэх гарааны үеэр Палестины хэт үзэлт иргэдийн зүгээс эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн. Тус уралдаан Испанийн нутагт эхэлсэн цагаас хойш бараг өдөр бүр Израилийг эсэргүүцэгчдийн халдлагад өртөж байсан нь 11 дэх гарааны үеэр оргилдоо хүрчээ.  

Тиймээс Олон Улсын Дугуйн Холбоо (UCI)-ноос энэ сарын 15-нд албан ёсоор мэдэгдэл гаргаж, Испанийн Ерөнхий сайд болон түүний удирддаг Засгийн Газраас тэмцээн уралдааныг аюулгүй зохион байгуулахад эсрэг үйлдэл хийж байгаад нь харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Мөн тэмцээний үеэр аюулгүй байдлыг сахиж байгаа хууль хүчний байгууллага, хэцүү нөхцөлд ажиллаж буй зохион байгуулагчдад талархаж байгаагаа мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Inside The Games