Зэрлэг шимпанзе мичнүүд муудаж иссэн жимс идэх замаар өдөрт нэг лонх шар айргийн хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг болохыг судлаачид тогтоожээ.
Хүн төрөлхтөн гашуун ундаанд дурлах болсон нь өвөг дээдсээсээ өвлөж авсан зүйл байж магадгүй гэж тэд үзэж байна.
“Согтууруулах ундааны таашаал нь шимпанзе, хүн хоёрын нийтлэг өвөг дээдсээсээ өвлөж авсан хоол хүнсний уламжлалтай холбоотой байж магадгүй” гэж Беркли дэх Калифорнийн Их сургуулийн судлаач Алексей Маро хэлжээ.
Шимпанзе болон бусад өөр олон амьтан модноосоо унаж, ялзарсан жимсийг идэх дуртайг судлаачид мэдэж байсан ч үүнээс хэр хэмжээний согтууруулах ундаа хүртдэгийг анх удаа тогтоосон нь энэ юм байна.
Судлаачид Кот Дивуар, Уганда улсуудад зэрлэг шимпанзе мичнүүдийн их хэмжээгээр иддэг инжир, чавга зэрэг жимсэнд агуулагддаг цэвэр спиртийг хэмжжээ.
Ингэхэд тэд өдөрт дунджаар 14 грамм этилийн спирт хэрэглэж байсан нь ойролцоогоор 330 мл шар айраг уусантай дүйцэх хэмжээ юм байна.
Шимпанзе мичнүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг жимс нь спиртийн агууламж хамгийн өндөр байжээ.
“Энэ судалгааны үр дүн бидний архитай холбоотой харилцаа бүр хувьслын үе шатнаас буюу 30 сая жилийн өмнөөс эхэлсэн байж магадгүйг харуулж байна. Шимпанзе мичнүүдийн хувьд энэ нь газраас унасан жимс түүж идэх зуур хоорондоо нийгмийн харилцаанд орох таатай боломж үүсгэдэг байх” гэж дээрх судалгаанд оролцоогүй Сэйнт Эндрьюсийн Их сургуулийн приматологич, профессор Кэтрин Хобайтер хэлсэн байна.
Өөр нэг хөндлөнгийн судлаач, Эксетерийн Их сургуулийн профессор Кимберли Хокингс мичнүүд хангалттай согтох хүртлээ хэрэглэхгүй байгаа нь анхаарал татаж буйг онцолжээ.
Их согтвол зэрлэг байгальд амьд үлдэх боломж багасах эрсдэлтэйг тэд мэдэж байгаатай холбоотой гэж профессор дүгнэсэн байна.
Судалгааны тайлан өчигдөр “Science Advances” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!