Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-д Монголын эрэгтэй шигшээ баг Италийг хожиж, Аргентинд дийлдэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг

БНХАУ-ын Сянъяань хотод 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр эхэллээ.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцож буй тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг #3 чансаагаар "C" хэсэгт орсон юм. Г.Дөлгөөн, Э.Маргад, Г.Болор-Эрдэнэ, С.Төгөлдөр нарын бүрэлдэхүүнтэй манай залуус Итали, Алжир, Аргентин, Венесуэлийн багтай нэг хэсэгт багтжээ.

Эхний тоглолтоо Италийн эсрэг хийгээд 20:16-гаар илүүрхсэн. Монгол Улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн энэ тоглолтод 9 оноо авч багаа тэргүүлсэн бол Э.Маргад 6, Г.Болор-Эрдэнэ 4, С.Төгөлдөр 1 оноо авсан байна.

Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо Аргентинийн эсрэг хийгээд 19:21-ээр дийлдэв.

Г.Дөлгөөн 12 оноо авсан бол Г.Болор-Эрдэнэ 4, Э.Маргад 2, С.Төгөлдөр 1 оноо авчээ.

Манай залуус хэсгийн дараагийн тоглолтоо хоёр хоногийн дараа буюу энэ сарын 19-ний 18:20 цагаас Венесуэль, 20:50 цагаас Алжирын багтай хүч үзнэ.

Сонирхуулахад 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ 2018 оноос хойш зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил тус тэмцээнийг Улаанбаатар хотод хүлээн авахад Германы баг алт, АНУ мөнгө, Испани хүрэл медаль хүртсэн билээ.