Эрх чөлөө төвөөс "УИХ-ын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг прокурорын байгууллага хамгаалж үлддэг явдлыг зогсоо. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ..." сэдвээр "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр прокурорын байгууллага, УИХ, АН-ын бүлэг рүү албан бичиг хүргүүлэхээр болсон тухайгаа АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Чинбат мэдээллээ.
Тэрбээр хэлэхдээ "УИХ гэмт хэрэгтнүүдийн хорогдох цайз, хана хэрэм нь болчихжээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн халдашгүй байдал гэдэг нэрийн доор гэмт хэрэгтнүүд нуугддаг орон байр нь болж хувирч байгаа нь харамсалтай.
Арванхоёрдугаар сарын 26-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төмөр зам холболтын асуудлаар нууцын гэрээ хийснээс л бид ярьж эхэлсэн. Монголд үр ашиггүй, хулгай дээрэм байна гэдэг асуудлыг хэлсэн.
Хэнээс юуг нуугаад байна вэ. Эдгээр нууцын гэрээг ил болгох хэрэгтэй.
Тухайн үед 13 орчим их наяд төгрөгийн хулгай дээрэм төмөр замын асуудлын ард байгааг шалгуулахаар АТГ болон хууль хяналтын байгууллагад хандсан.
Эрх мэдэлтэй байгаа гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх эр зориг байхгүй бол прокурорын байгууллагын удирдлага ажлаа өгөх хэрэгтэй.
Гэмт хэргүүд замхарч алга болдгоос болж л хууль хяналтын байгууллагын нэр хүнд унаж байгаа. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулгыг нэн яаралтай огцруулах, түдгэлзүүлж шалгах эрх нь прокурорт бий.
Мөн АН-ын бүлэг яаралтай хуралдаж УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг өгч байгаа.
Хулгай дээрмийнхээ асуудлыг УИХ нь шийдэж чаддаггүй. ЖДҮ хулгай, нүүрсний хулгай, Хөгжлийн Банкны хулгай, төмөр зам, офтек гэрээнүүдийн хулгай гэх мэтчилэн. Л.Оюун-Эрдэнийг шалгах ёстой. Х.Баттулгыг шалгах ёстой.
Хамгийн гол нь прокурор дээр очоод хэргийг замхруулдаг үйл явцтай байна. Хараат бусаар ажиллаж чаддаг Ерөнхий прокурортой болох хэрэгтэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!