Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Очирбат: Э.Батшугар гишүүн ээ, аавдаа зарим юмнаас хол бай гэж хэлээч

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Очирбат дараах шүүмжлэлийг хэлэв.

Тэрбээр “Энэ төсөв ямар утгагүй. Төсвийн хүрээний мэдэгдэл дунд хугацааны төлөвлөгөөтэй уягдаагүй, жилийн төлөвлөгөөгөө үгүйсгэсэн төсөв байна.

Ерөнхий сайд өөрийнхөө төсвийн 1.5 тэрбумаар нэмж оруулж ирж. УИХ-ын дарга, Тамгын газрынх 3.1 тэрбумаар буурсан байгаа юм. Гэхдээ 2019 онтой харьцуулахад 5-6 дахин өссөн байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв 2019 онд 4.6 тэрбум, 2020 онд 6.6 тэрбум төгрөг байсан бол энэ жил 33.6 тэрбум төгрөг болсон байна.

Иргэд төлсөн татварыг нь зөв зарцуулаасай гэж хүсэж байгаа. Гэтэл хэдэн дарга нь өөрсдийнхөө төсвийг хэмнэж чадахгүй байна.

ЗГХЭГ 14.4 тэрбум төгрөгөөр зардлаа нэмүүлж.

Эдийн засгийн хөгжлийн төвд 2025 онд 3 тэрбум төгрөг тавьж байсан бол 2026 онд 7.8 тэрбум төгрөг болгож оруулж ирсэн байна. Хархорин хотын захиргааны албанд 4 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ жил 7 тэрбум, эрчим хүчний реформд 2.7 тэрбум төгрөг зориулж байсан бол энэ жил бараг хэвээр нь 2.6 тэрбумыг дахин төсөвлөсөн байна.

Мөн дээр нь шинээр Шинэ хоршоо хөгжлийн нэгжид 4.4 тэрбум тавьсан байна.

Энэ шударга ёс юм уу. Баахан нэгж, хороогоо болиулъя, иргэдийнхээ төлж байгаа татварыг хэмнэе гээд байсан хэр нь ийм байна.

Алдагдалгүй төсөв баталъя гэдэг ч ирэх оны төсөв 1.3 их наядын алдагдалтай байна.

Бас нэг зүйл хэлье. Ардчилсан Намын хэдэн сайд руу арай дэндүү дайрч байна шүү. Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүн хүртэл гарч ирээд элдвээр ярих юм. Бүх л албан тушаал дээр байсан байж тэр үедээ хөгжүүлчихгүй яасан юм. Араас нь гарч ирээд олон юм ярих юм. Өнөөдөр Э.Батшугар гишүүн энд сууж байна. Аавдаа зарим юмнаас хол бай гэж хэлэх хэрэгтэй шүү Э.Батшугар гишүүн ээ. Өөрийнхөө телевизээр нэвтрүүлэг хийгээд цацах юм. Манай найман сайд ажил хийх гэж л засагт орсон шүү.