Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дюплантисийн 14 дэх дээд амжилт

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Японы нийслэл Токио хотод хөнгөн атлетикийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй.

Өчигдөр өндөрлөсөн тулгууртай харайлтын төрөлд Шведийн Мондо Дюплантис дэлхийн дээд амжилтыг 14 дэх удаагаа шинэчилж, өөрийнхөө тогтоосон рекорд амжилтаа 6,30 метр болгов.

Олимпын хошой аварга эр дэлхийгээс гурав дахь алтан медалиа хүртэх болзлоо эхний оролдлогоороо биелүүлсэн. Тэрбээр 6,10 метрийг амжилттай болгосон нь түрүүлэхэд хангалттай үзүүлэлт байлаа.

Тэгвэл өнгөрсөн сард Унгарын Будапешт хотод болсон алмаазан лигийн үеэр өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчлэхээр гурав дахь оролдлогоороо даалгавраа биелүүлсэн юм.

Энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн Грекийн Эммануэль Каралис ердөө 6,00 метр харайсан бол Австралийн Куртис Маршалл хувийн дээд амжилтаа 5,95 метр болгосноор хүрэл медаль зүүлээ.

Мондо Дюплантис энэ жил 16 тэмцээн дараалан түрүүлээд байна. Нийт 36 тэмцээн дараалан өнгөлөөд байгаа швед тамирчинд одоо алдарт Сергей Бубкагийн дэлхийн дээд амжилтыг 17 удаа эвдсэн үзүүлэлтийг давах л үлдээд буй.

Сонирхуулахад Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (IAAF)-ноос дэлхийн дээд амжилт тогтоовол 100,000 ам.доллар, ДАШТ-д түрүүлбэл 70,000 ам.доллар өгдөг. Өдгөө 26 настай Дюплантис хамгийн анх 2020 онд дэлхийн рекорд тогтоосон. Үүнээс хойш өөрийнхөө тогтоосон амжилтыг 14 удаа ахиулаад байна.

 

Эх сурвалж: IAAF