Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Танайх бодлогын нам мөн үү?

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намын санхүүжилт, хандивын бүртгэл, тайлагналын цахим системийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа ба өнөөдөр уг системийн талаар хэлэлцүүлэг боллоо. ​

Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал нь дэлхий дахинд ардчиллын чанарыг хэмжих нэг чухал шалгуур үзүүлэлт ба дэлхийн 181 улсаас 143 улсад улс төрийн намууд санхүүгээ тогтмол тайлагнах хууль эрх зүйн зохицуулалттай байдаг аж.

Иймд Монгол Улсад ил тод, хяналттай, хариуцлагатай, бодлогын нам төлөвшүүлэх зорилгоор уг системийг хөгжүүлэхээр болжээ. 

Ил тод, хяналттай, хариуцлагатай, бодлогын намын хэмжүүр нь болдог дараах зүйлсийг улс төрийн намын нээлттэй өгөгдлийн бүрдэл болгохоор төлөвлөж байгаа юм байна. 

  • Дотоод ардчилал
  • Бодлого, амлалт ба хэрэгжилт
  • Гишүүнчлэл ба төлөөллийн чанар
  • Санхүүгийн чадавх ба эх үүсвэр
  • Сонгуулийн оролцоо ба шударга өрсөлдөөн 
  • Хяналт, хариуцлага ба ёс зүй

Дээрх асуултуудад бүгдэд нь хариулт өгч чадаж байвал иргэд, олон нийт аль бодлогын нам юм бэ гэдэг хэмжүүрээ тавьж чадна гэж харж байгаа аж. 

"Танай нам бодлогын нам мөн үү?" гэх иргэдийн асуултад хариулахын тулд намууд дараах долоон өгөгдлөө ил тод мэдээлэх ёстой гэж харжээ. 

  1. Намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа зэрэг ерөнхий мэдээлэл- Нам тогтвортой, идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх, хэн удирдаж, шийдвэрийг гаргаж байна. Амлалт, ямар үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг мэдээлэл 
  2. Гишүүнчлэл- төрөл, төлөөлөл, нас, хүйс зэрэг мэдээлэл 
  3. Санхүүжилт- хэрхэн санхүүжиж байгаа, орлогын бүтэц нь хэр тэнцвэртэй байгаа эсэх, намын хандивлагчид, гишүүний татвар, татвар төлөгч гишүүд, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, цуглуулсан орлогоо хэрхэн зарцуулдаг зэрэг мэдээлэл 
  4. Хөрөнгө /үл хөдлөх хөрөнгө г.м/- намын хөрөнгийн бүтэц 
  5. Намын тайлан- Санхүүгийн тайлагнал, хяналт, харьцаа үзүүлэлт 
  6. Сонгуулийн оролцоо, үр дүнгийн мэдээлэл-  Сонгуульд хэрхэн оролцож, яаж нэр дэвшүүлж байна, мөрийн хөтөлбөрөө хэрхэн тодорхойлж байгаа эсэх, сонгуультай холбоотой зөрчил байгаа эсэх, сонгуулийн үр дүн, шийдвэр гаргах түвшинд хэрхэн ажиллаж байгаа 
  7. Намын жендэрийн төлөв байдал

Төрийн байгууллагын нээлттэй өгөгдлийн шаардлагын дагуу өгөгдлүүдээ боловсруулахаар төлөвлөж байгаа ба иргэд, судлаачид, сэтгүүлчид нээлттэй өгөгдлүүдийг авч ашиглахад хүндрэлгүй, боломжтой байлгахаар хөгжүүлэх юм байна.