Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Боксын Холбооноос зохион байгуулсан анхны ДАШТ-ээс Монголын баг нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Английн Ливерпүүл хотод 10 хоногийн турш үргэлжилсэн сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өндөрлөв. 

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing)-ноос анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд Монгол Улсын 10 тамирчин оролцсон юм. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга мөнгөн медаль хүртлээ.

Энэ удаагийн ДАШТ-д медалийн чансаагаар Казахстан тэргүүллээ. Тус улсын эрчүүд дөрвөн алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүд нь гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалиар тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин нийт авсан медалиар Узбекистан давамгайлсан. Эрчүүдийн ангилалд тус улсын долоон боксчин шигшээд шалгарснаас зургаа нь алтан медаль хүртсэн бол бүсгүйчүүд нь нэг мөнгө, гурван хүрэл медальтай тэмцээнээ дуусгав.

Эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэг хоёр, Бразил, Польш, Австрали, Ирланд, Хятадын Тайпэй тус бүр нэг алтан медаль хүртсэн юм.

Манай улсын шигшээ багийн хувьд нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар медалийн чансаагаар Болгар, Испанийн хамт 12 дугаарт жагслаа.

зураг
 

Манай боксчдын амжилт:

Эрэгтэй

  • 50 кг: А.Баттулга - Мөнгөн медаль
  • 55 кг: Х.Билгүүнсайхан - Шөвгийн 8
  • 60 кг: Г.Лундаа - Шөвгийн 16
  • 65 кг: Б.Мишээлт - Шөвгийн 32
  • 70 кг: О.Бямба-Эрдэнэ - Шөвгийн 8

Эмэгтэй

  • 48 кг: Л.Алтанцэцэг - Хүрэл медаль
  • 51 кг: Б.Мөнгөнсаран - Шөвгийн 8
  • 54 кг: О.Есүгэн - Шөвгийн 16
  • 57 кг: М.Энхжаргал - Шөвгийн 16
  • 60 кг: М.Намуун - Урьдчилсан шат

Өмнө нь Олон Улсын Боксын Холбоо (IBA) ДАШТ-ийг зохион байгуулахад Монгол Улсын эрэгтэй баг нэг 1 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн. Монголын багийн цор ганц алтан медалийг 2009 онд Италийн Милан хотод болсон ДАШТ-ээс П.Сэрдамба хүртсэн бол 1982 онд Р.Отгонбаяр, 1997 онд Т.Үйтүмэн, 2007 онд Э.Бадар-Ууган, 2009 онд Н.Төгсцогт, 2023 онд Б.Чинзориг нар мөнгөн медаль хүртэж байв.

Түүнчлэн 1993 онд Э.Цогтжаргал, 2009 болон 2013 онд У.Мөнх-Эрдэнэ, 2011 онд П.Сэрдамба, 2017 онд Р.Отгондалай, 2019 онд Э.Цэндбаатар, 2023 онд Б.Мишээлт нар хүрэл авчээ.

Харин эмэгтэй боксчдоос цор ганц мөнгөн медалийг Л.Алтанцэцэг 2023 онд хүртсэн түүхтэй. Мөн 2018 онд М.Нандинцэцэг эмэгтэй боксчдоос дэлхийн дэвжээнд анхны медалийг эх орондоо авчирсан бол М.Энхжаргал 2023 онд хүрэл медаль хүртсэн юм. 

Ташрамд хоёр дахь удаагийн ДАШТ 2027 онд болно. Зуны олимпын эрх олгох чухал тэмцээнийг Казахстаны Астана хотод зохион байгуулахаар болсныг Дэлхийн Боксын Холбоо өнгөрсөн оны сүүлээр зарласан билээ.