Байгаль хамгаалагчид бол эрүүл мэнд, амь биеэ үл хайхран, эх орныхоо унаган байгаль, ховор, нэн ховор биологийн төрөл зүйлийг хамгаалахын төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж буй энэ цагийн эгэл баатрууд билээ.
Монгол улс даяар нийт 1000 гаруй байгаль хамгаалагч ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж буй бөгөөд тэд 120 гаруй тусгай хамгаалалттай газрыг хариуцан хамгаалан ажилладаг. Судалгаагаар нэг байгаль хамгаалагчид 50,000 га газар оногддог бөгөөд энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ нь тэдний үүрэг хариуцлага ямар хүнд бэрх, бас үнэ цэнтэйг илтгэнэ.
Гималайн сүрлэг уулс, Амазоны ширэнгэн ой, Намибийн төгсгөлгүй цөл, Монголын элсэн шаргал говь зэрэг дэлхийн өнцөг булан бүрд байгаль хамгаалагчид өв соёлоо, эх нутгаа хамгаалан зүтгэж байна. Тэдэнд амь насны баталгаа болсон найдвартай, чанартай тээврийн хэрэгсэл нийлүүлэх нь “Rally for Rangers” буюу “Байгаль хамгаалагчдад туслах хөтөлбөр”-ийн гол зорилго билээ. Энэхүү хөтөлбөрийг Монгол Экологи Төв нь 11 жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оролцогчид 30,000 км гаруй зам туулж, нийт 220 гаруй сайн чанарын мотоциклыг тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдад хандивлаад байна.
2025 оны аяллаар “Rally for Rangers” хөтөлбөрийн баг Алтайн өвөр говь дахь “Говийн Их Дархан Цаазат газрын А хэсэг”-ийн байгаль хамгаалагчдыг зорин очлоо.
Энэхүү хөтөлбөрийн гол ивээн тэтгэгч, хамтран зүтгэгч нь үндэсний хэмжээний тэргүүлэгч компани “Петровис Групп” юм. Тус групп нь 2018 оноос хойш 8 дахь жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аянд нэгдэн, бүх шатахууны зардлыг бүрэн хариуцан, байгаль хамгаалагчдад үнэтэй дэмжлэг үзүүлсээр ирсэн. Түүнчлэн “Петровис Энержи” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал тав дахь жилдээ раллид оролцож, чанартай унааг байгаль хамгаалагчдад хүргэх элч болж яваа нь бахархалтай.
Эх орныхоо өнцөг булан бүрд хөгжил түгээн, байгаль хамгаалагчдын үнэнч анд байж чаддаг “Петровис Групп”-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Байгалиа хамгаалан, хадгалж, үр хойчдоо өвлүүлэх их үйлс нь улам дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Байгаль хамгаалагчид бол уулын оргил, усны эх, ургамлын үндэс билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!