Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын томоохон газрын тосны үйлдвэрт Украины нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас гал түймэр гарчээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Украины нисгэгчгүй онгоц Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэг дээр унасны улмаас гал түймэр гарч, бага хэмжээний хохирол учирсныг Москвагийн албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Башнефть компанийн энэ үйлдвэр Украины фронтын шугамаас 1,400 км зайд, Уфа хотын ойролцоо байрладаг юм.

Бямба гарагт сошиал орчинд тарсан дүрс бичлэгүүдэд үйлдвэрийн дээрээс нисгэгчгүй онгоц унасны дараа дэлбэрэлт болж, тэнгэрт утаа олгойдож байгааг харуулжээ.

зураг
 

ОХУ-ын Башкортостан улсын тэргүүн Радий Хабиров “Өнөөдөр Башнефтийн үйлдвэрийн цогцолбор нисэх онгоц хэлбэрийн дроноор үйлдсэн террорист халдлагад өртлөө” гэж Телеграм хуудсандаа бичсэн байна.

Нисгэгчгүй онгоцнуудын нэг нь үйлдвэрийн дээрээс унаж, нөгөөг нь буудаж унагасныг тэр мэдээлжээ.

“Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй. Үйлдвэрийн талбайд бага хэмжээний гал гарсныг одоо унтрааж байна” гэж Хабиров цааш нь бичсэн юм.

Халдлагыг үйлдсэнээ Украины цэргийн тагнуулын албаны эх сурвалж хүлээсэн байна.

Өнгөрсөн зуны турш Украины тусгай албад Оросын газрын тосны үйлдвэрүүдийг нисгэгчгүй онгоцоор довтолсны үр дүнд Оросын зах зээлд бензин шатахууны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өсөөд байгаа.

2016 онд Кремлийн эрх баригчид 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Башнефтийн Уфа дахь үйлдвэрийг улсынхаа “хамгийн том газрын тосны цогцолборуудын нэг” гэж тодорхойлж байжээ.

 

Эх сурвалж: AFP