Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

НАТО-гийн орнууд Оросын газрын тосыг худалдаж авахаа зогсоовол АНУ хориг арга хэмжээгээ зарлахад бэлэн гэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

НАТО-гийн гишүүн орнууд Оросоос газрын тос худалдаж авахаа бүрмөсөн зогсоосон цагт Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ зарлахад бэлэн байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр “Truth Social” хуудсандаа НАТО-гийн түншүүдэд хандан бичихдээ “Оросын газрын тосыг зарим улсууд худалдан авсаар байгаа нь гайхширууллаа. Энэ нь Оростой яриа хэлэлцээ явуулах хүчийг ихээхэн сулруулж байна. Та нарыг бэлэн болох үед би бэлэн. Зөвхөн хэзээ гэдгээ хэлээрэй” гэсэн байна.

Трамп бас дайн дууссаны дараа цуцлах нөхцөлтэй импортын өндөр татварыг Хятад улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах аргыг давхар хэрэглэвэл мөргөлдөөнийг зогсооход томоохон түлхэц болохыг мэдэгджээ.

Кремлийн эрх баригчид Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлснээс хойш Европын орнуудын Оросоос авах эрчим хүчний хэмжээ эрс багассан юм.

2022 онд Европын Холбоо байгалийн хийн нийт хэрэгцээнийхээ 45 орчим хувийг Оросоос авдаг байв.

Энэ онд 13 хувь орчим болж буурах төлөвтэй байна. Гэвч Трампын мэдэгдлээс харахад энэ нь түүний хувьд хангалтгүй бололтой.

Өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бас Оросын газрын тос, байгалийн хийг худалдаж авахаа зогсоохыг Европын орнуудад уриалж байлаа.

Тэрбээр ABC News сувгаар ярихдаа “Бид Оросоос ямар ч төрлийн эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаж авахаа зогсоох ёстой. Бид тэднийг зогсоохыг хүсэж байгаа бол худалдан авалтаа болих хэрэгтэй” гэж хэлсэн юм.

2022 оноос хойш Европын орнууд нийтдээ 210 тэрбум еврогийн газрын тос, байгалийн хийг Оросоос худалдаж авсныг Эрчим Хүч, Цэвэр Агаар Судлалын Төв бодлогын хүрээлэн мэдээлсэн байдаг.

Европын Холбооны удирдагчид өмнө нь худалдан авалтаа 2028 онд бүрэн зогсоох төлөвлөгөөг зарлаж байсан юм.

Харин АНУ-ын засаг захиргаа үүнийг хурдлуулж, оронд нь өөрийн бүтээгдэхүүнээр дутагдлыг нь нөхөх хүсэлтэй байгаа бололтой.

Гэхдээ Трампын сүүлийн мэдэгдэл Европт биш, НАТО-д хандсан байгаа юм.

Тиймээс Оросын эрчим хүчний томоохон худалдан авагч, Москватай харилцаагаа хадгалж үлдэх сонирхолтой Турк улс үүнд багтаж байна.

Анкарагийн эрх баригчдыг Оросын худалдан авалтаас татгалзуулах нь илүү хэцүү байх магадлалтай.

Трамп өмнө нь Оросын газрын тосны томоохон худалдан авагч Энэтхэг улсын бараа бүтээгдэхүүнд нийт 50 хувийн импортын татвар ногдуулсан билээ. Үүний 25 хувь нь Оросоос газрын тос худалдаж авсны шийтгэл байсан юм.

 

Эх сурвалж: BBC