Америкийн консерватив хөдөлгөөний идэвхтэн Чарли Киркийн амь насанд халдсанд буруутгагдаж буй этгээдийг бараг хоёр өдөр эрэн сурвалжилсны эцэст Баасан гарагт баривчилжээ.
Сэжигтэн нь Юта мужийн уугуул, эцэг эхийн хамт амьдардаг, 22 настай Тайлер Робинсон гэгч болохыг Холбооны Мөрдөх Товчоо мэдээлсэн байна.
Алуурчны хяналтын камерт бичигдсэн дүрсийг олон нийтэд тараахад Робинсоны эцэг анх олж мэдээд хэргээ хүлээхийг хүүдээ зөвлөсөн гэнэ.
Дараа нь тэр гэр бүлийнхээ найзаар дамжуулан орон нутгийн цагдаагийн албанд мэдэгджээ.
Баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Холбооны Мөрдөх Товчооныхон сэжигтний гарал, улс төрийн үзэл, аллагыг үйлдэх болсон шалтгааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
“Бид цагдан хоригдож байгаа хүн аллагыг үйлдсэн гэдэгт итгэлтэй байгаа ч түүний хэн болох, яагаад ийм хэрэг үйлдэх болсон талаар бүрэн зураглалыг гаргахаар ажиллаж байна” гэж тус байгууллагын төлөөлөгч хэлжээ.
Гэр бүлийнхэн нь Робинсоныг сүүлийн жилүүдэд маш их улс төржих болсон талаар ярьсныг Юта мужийн захирагч Спенсер Кокс энэ үеэр мэдээлсэн байна.
Тэр мөн гэр бүлийн өмнөх оройн хоолны үеэр Киркийг “үзэн ядсан” утгатай зүйлсийг, бас маргааш нь Ютад болох арга хэмжээний талаар ярьж байсныг мэдээлжээ.
Энэ үеэр гэр бүлийнхэн нь түүнээс яагаад Киркийг үзэн ядах болсон шалтгааныг асууж, ярилцаж байсан гэнэ.
Робинсон нь аль нэг намыг ил дэмждэггүй, нам бус сонгогч байжээ.
Сэжигтний эцэг, эх хоёр Бүгд Найрамдах намын дэмжигчид гэж Ютагийн сонгогчдын бүртгэлд тэмдэглэгдсэн байна.
Робинсон ахлах сургуулиа амжилттай төгссөний дараа 2021 онд Юта мужийн их сургуульд элсэж, цахилгааны инженерийн ангид нэг улирал суралцаад орхиж байжээ.
Түүний эцэг гал тогооны тавилгын бизнес эрхэлдэг, эх нь нийгмийн ажилтан юм байна.
Тэдний гэр бүл Мормоны шашин шүтдэг, орон нутгийн сүмд байнга мөргөдөг хүмүүс байжээ.
Робинсоны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс дээрх бичээснүүдийг харвал тэр хэт барууны, нацист үзлийг эсэргүүцэгч байх магадлалтай байгаа гэнэ.
Тухайлбал тэр сүүлийн арваад жил АНУ-д идэвхтэй байгаа фашизмын эсрэг Antifa хөдөлгөөнийг дэмжсэн утгатай үгийг буу сумны хэрэгсэл дээрээ сийлсэн байжээ.
Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед Германы нацистуудтай тулалдаж байсан Италийн партизануудад зориулсан “Bella Ciao” дууны үгийг сийлсэн байсан гэнэ.
Ерөнхийлөгч Трампын үнэнч холбоотон, өнгөрсөн оны сонгуулиар түүнийг залуусын саналыг татахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэгддэг Чарли Кирк өнгөрсөн Лхагва гарагт Ютагийн нэгэн их сургуулийн оюутнуудын дунд мэтгэлцээн зохион байгуулж байхдаа буудуулж алагдсан юм.
Албаныхан энэ хэргийг Америкийн орчин үеийн түүхэнд гарсан хамгийн том улс төрийн аллага гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!