АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан (МУҮНС), болон Аризона мужид төвтэй ашгийн бус байгууллага болох Азийн Өвийн Сангийн төлөөлөгчид гурван жилийн хугацаанд хэрэгжсэн “Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй эртний Төвөд гар бичмэлүүд болон модон барын хэвлэлийн хадгалалт, хамгаалалт” төслийг хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний номын сангийн шинэ байранд боллоо.
Энэ төсөл нь үнэт ном судар бүхий Монголын соёлын өвийг хадгалан хамгаалж, энэ төрлийн соёлын өвийг хамгаалах Монгол Улсын туршлага болон чадавхыг бэхжүүлсэн үйл явдал болсныг хоёр тал онцлов.
2022-2025 оны хооронд хэрэгжсэн уг төсөл нь Үндэсний номын сангийн 77,000 гаруй ном болон модон барын хэвлэлийг хадгалан хамгаалжээ. Азийн Өвийн Сан нь техникийн туршлага, гар бичмэлүүдийг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг хариуцсан бөгөөд Буддын Дижитал Нөөцийн Төвтэй хамтран уг гар бичмэлүүдийг дэлхий даяар судлаачдад нээлттэй болголоо.
Төслийн хүрээн дэх тоон үзүүлэлт:
Эдгээр гар бичмэлүүд нь уламжлалт мэдлэг, зан үйл, туульс, судар болон Монголын соёлын өвийн бусад хэлбэрийг агуулдаг. Төслийн үр нөлөө нь Үндэсний номын сангаас гадна Гандантэгчэнлин хийд дэх Занабазарын их сургууль, Хархоринд байрлах Эрдэнэ Зуу хийд зэрэг байгууллагуудад хүрч, судлаачид, шинжлэх ухааны хурал, оюутнуудад зориулсан боловсролын аялал зэрэг өргөн хүрээний соёл, боловсролын ач холбогдлыг харуулжээ.
“Эдгээр гар бичмэлүүдийг хадгалан хамгаалах нь АНУ болон Монгол Улсын бат бөх түншлэлийн илэрхийлэл юм” хэмээн АНУ-ын Элчин сайд Ричард Л. Буанган Үндэсний номын санд хэлсэн үгэндээ онцолсон юм.
Тэрбээр “Бид хамтдаа үнэт соёлын өвийг хадгалан хамгаалж, ирээдүй хойч үеийнхэнд энэ баялаг өвийг судлах, суралцах боломжийг олгож байна. Энэхүү хамтын ажиллагаа нь бид бүхний түүхийг хадгалан хамгаалахад олон улсын хамтын ажиллагааны хүчин чадавхыг харууллаа” хэмээн нэмж ярив.
Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!