"Монгол, Байгал, Өмнөд Сибирь ба Умард Хятадын эртний соёлууд" олон улсын эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр эхэллээ.
Тус хуралд хөрш зэргэлдээх бүс нутгийн 14 эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын төлөөлөл оролцов.
Эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн Археологийн хүрээлэн хариуцаж есдүгээр сарын 11-16-нд Улаанбаатар, Хархорум хотод зохион байгуулах аж.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч доктор Ж.Баярсайхан "Энэхүү хурал нь Монгол, Орос, БНХАУ-ыг дамнасан эртний соёлыг судалдаг, хэлэлцдэг гэдгээрээ онцлог.
Энэ жил 13 дахь удаагийн ээлжит хуралдааныг Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн зохион байгуулж байна. Хоёр хөрш орноос гадна 14 орны 370 орчим судлаач эрдэмтэн хуралд оролцохоор ирсэн.
Олон улсын 120 гаруй эрдэмтэн хуралд биечлэн хүрэлцэн ирсэн байна. Өнөө өглөө Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийж, үндсэн гурван илтгэлийг хэлэлцүүлээд удахгүй Хархорин хот руу хөдлөх гэж байна.
Эрдэм шинжилгээний хурал Хархорин хотод хоёр өдөр үргэлжилнэ.
Тодруулбал гурван салбар хуралдаантай.
Орчин үеийн улс төрийн хил хязгаараар эртний соёл, түүхийг авч үзэх боломжгүй.
Өвөр Байгал, Монгол, Умард Хятад дахь эртний нүүдэлчдийн соёлыг нэг улсын судлаач, нэг улсын эрдэмтэд, нэг улсын хил хязгаараар ойлгох боломжгүй учраас энэ хурлыг эрдэмтэд санаачлаад хоёр жил тутам судалгааны шинэ үр дүнгүүдээ хэлэлцэж, ярилцдаг.
Түүнчлэн цааш хийгдэх судалгааны асуудлуудаа хэлэлцдэг. Энэ жил 10 гаруй орны судлаачид ирж судалгааны үр дүнгээ танилцуулж байгаа" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!