Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны B1 давхарт оршин суух айл өрхөөс хулгай хийдэг байсан этгээдийг олж тогтоожээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод орон сууцны B1 давхарт оршин суух айл өрхөөс "хулгайд эд зүйлээ алдсан" гэх хэд хэдэн дуудлага мэдээлэл энэ оны наймдугаар сард цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энхзаяа "Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийг олж тогтоох, иргэдэд учирсан хохирлыг шуурхай барагдуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 

Урьд өмнө нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан иргэн Б гэгч нь наймдугаар сард Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй зэрэг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт айл өрхийн орон сууцны хаалгыг эвдэж 31 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо. 

Цаашид тухайн этгээдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, алдагдсан эд зүйлсийг олж тогтоон хохирогчид хүлээлгэн өгөх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ. 

Шалгалтын явцад дээрх гэмт хэрэг нь орон сууцны B1 давхруудад хяналтын камергүй, стандартад нийцсэн камер суурилуулаагүй зэрэг шалтгааны улмаас үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогджээ. 

Иймд орон сууц, хотхоны СӨХ-ноос Монгол Улсын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн дагуу оршин суугч иргэдийг аливаа төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахыг зөвлөлөө.

ВИДЕО: 

https://www.facebook.com/policemng/videos/2280471065724065