Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Лоолойгийн найзууд" нэвтрүүлгийн найруулагч Д.Эндэр Д.Нацагдоржийн уран бүтээлийг таниулах зорилго бүхий алхалт эхлүүлэхээр болжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн зохиолч, хүүхдийн байгууллагын төлөөлөл зэрэг хүмүүс "Хүүхдийн байгууллага-100 жил 100 км" алхалтыг эхлүүлэхээр болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тодруулбал энэ жил хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, “Лоолойгийн найзууд“ нэвтрүүлгийн 20 жилийн ой, “Адтай жаалууд” 180 ангит хүүхдийн кино хийгдсэний 15 жилийн ой тохиож байгаа аж.

Уг ойг тохиолдуулан " Лоолойгийн найзууд" нэвтрүүлгийн үүсгэн байгуулагч, хүүхдийн нэвтрүүлгийн найруулагч Д.Эндэр шавь нарынхаа хамт Улаанбаатар хотоос 100 км-т орших Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг болох Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуутай руу “Хүүхдийн төлөө уран бүтээлд алхаагаа нийлүүлье" уриатайгаар алхалтаа эхлүүлж байгаа юм байна. 

Уг алхалтынхаа явцад Д.Нацагдоржийн уран бүтээл, түүх, өв соёлыг таниулах зорилготой байгаа аж. 

Тэрбээр "20-оод жилийн өмнө хүүхдийн анхны энтертайнмент нэвтрүүлэг хийх санаа өвөртлөн ханьтайгаа эхлүүлж байлаа. Нөхөртэйгөө хамтдаа алхахаар төлөвлөж байсан энэ аяллаа шавь нартайгаа эхлүүлэхээр болсондоо баяртай байна. Адтай жаалууд киноны таван цувралд 500-аад хүүхэд тоглосон байдаг. Хүүхдийн уран бүтээлд өөрсдийн хувь нэмрээ оруулсан эцэг эхчүүд, хүүхдүүддээ баярлалаа" гэв.