Өчигдөр буюу Мягмар гарагт Парис хот болон түүний ойр орчимд оршдог исламын шашны сүмүүдийн үүднээс нийт есөн ширхэг гахайн толгой илэрснийг Францын нийслэлийн цагдаагийн газрын дарга Лоран Нунез мэдээлжээ.
Үүнийг өмнө нь гарч байсан гадаадаас оролцоотой өдөөн хатгасан үйл ажиллагаатай ижил зүйл байж болзошгүй гэж үзэж байгаагаа тэр хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн байна.
Өнгөрсөн зургаадугаар сард жүүдүүдтэй холбоотой байгууламжуудыг эвдэн сүйтгэсэн хэргийг гурван серби хүн үйлдээд баригдсан бөгөөд мөрдөгчид үүнийг Оросын талаас оролцоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байжээ.
Гахайн толгой байрлуулсан газруудын нэгэнд Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны нэрийг хөх будгаар бичсэн байсан гэнэ.
Цагдаагийн албаныхан арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан, үзэн ядалтад турхирсан зэрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг Нунез мэдээлжээ.
Гахайн махыг Исламын шашинд бузар гэж үздэг бөгөөд хүнсэнд хэрэглэхийг хориглодог.
Франц улс нь исламын шашинтнуудын тоогоор Европын Холбоонд тэргүүлдэг юм. Үүнээс гадна жүүд хүн амын тоогоор дэлхийд Израиль, АНУ-ын дараа ордог.
2023 онд Газын зурваст дайн эхэлснээс хойш Европын Холбооны хэд хэдэн гишүүн оронд исламын эсрэг болон антисемитист (жүүдийн эсрэг) үзэл эрс нэмэгдсэнийг албаны тоо баримт харуулж байгаа.
Парис хотын захирагч Анн Идальго гахайн толгой байрлуулсныг “бусдыг шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан үйлдэл” гэж буруушаагаад хуулийн дагуу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Дотоод хэргийн сайд Бруно Ретайло үүнийг “хэт жигшүүртэй”, “хүлээн зөвшөөрөх аргагүй” үйлдэл гэж нэрлэсэн байна.
“Манай исламын шашинт эх орон нэгтнүүд сүсэг бишрэлийн зан үйлээ аюулгүй хэрэгжүүлэх боломжтой байхыг би хүсэж байна” гэж тэр хэлжээ.
Үүнтэй ижил төстэй хэргүүд сүүлийн жилүүдэд Францын өөр бүс нутгуудад гарч байсан юм.
Тухайлбал өнгөрсөн онд тус улсын хойд Па-де-Кале мужийн Муслимын Холбооны байрны гадна гахайн толгой тавьсан байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!