Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Израилийн арми Катар улсын нийслэл Доха хот дахь Хамасын удирдагчдын байрлалд агаараас довтлов

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Израилийн арми Катар улсын нийслэл Доха хот дахь Палестины Хамас зэвсэгт байгууллагын удирдагчдын байрлалд агаараас довтолжээ.

Өмнөх өдөр нь буюу Даваа гарагт Иерусалем хотод гарсан аллагын хариуд ийм арга хэмжээ авах тушаал өгснөө Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдсэн байна.

Доха хотын төвд дэлбэрэлт болж, тэнгэрт хар утаа суунаглаж байгааг эх сурвалжууд харуулжээ.

“Өчигдөр Иерусалем болон Газын зурваст гарсан халдлагын дараа ерөнхий сайд Нетаньяху бүх аюулаас хамгаалах байгууллагууддаа Хамасын удирдагчдыг онилоход бэлэн байх даалгавар өгсөн” гэж Израилийн батлан хамгаалахын сайд Израил Кац мэдэгдсэн байна.

Аль Арабия сувгийн мэдээлснээр уг цохилтын үеэр Хамасын хэлэлцээний ахлагч Халил аль-Хайяа амиа алдсан гэнэ.

Харин Хамас өөрөө аль нэг албан тушаалтан алагдсаныг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Аль-Хайяа бол Хамасыг хилийн чанадад төлөөлдөг хамгийн өндөр албан тушаалтан бөгөөд Израиль улстай шууд бус яриа хэлэлцээг явуулж байсан гол хүн юм.

Тэрбээр ихэнхдээ Катарт амьдарч байжээ.

2023 оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст дайн эхэлснээс хойш Катар улс хоёр дахь удаагаа гаднын халдлагад өртсөн тохиолдол энэ болж байна.

Доха хотод явуулсан ажиллагаа нь “Галын Оргил” нэртэй агаарын цохилт байсныг Израилийн зэвсэгт хүчний төлөөлөгч баталжээ.

Катарын гадаад хэргийн яам энэхүү ажиллагааг “олон улсын бүх хууль дүрэм, хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” хэмээн буруушаасан байна.

зураг
 

Наймдугаар сарын 31-нд Израилийн армийн дэслэгч генерал Эял Замир “Хамасын удирдагчдын ихэнх нь гадаадад байдаг. Бид тэднийг онилох болно” гэж мэдэгдэж байсан юм.

Энэхүү мэдэгдлээс хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа дээрх ажиллагааг явуулжээ.

Хамасын гол ивээн тэтгэгч Иран улс энэ ажиллагааг мөн буруушаасан мэдэгдэл гаргасан байна.

Тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Бакай “Энэхүү маш аюултай гэмт хэрэг нь олон улсын бүх дүрэм журмыг бүдүүлгээр зөрчиж, Катар улсын бүрэн эрхэт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан үйлдэл юм” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн хоёр жил орчим хугацаанд Израиль улс болон Хамас байгууллага нь Катар, АНУ, Египет улсуудын зуучлалаар олон ээлжийн яриа хэлэлцээ явуулсан ч хоёр удаа богино хугацаанд гал зогсоосноос өөр ахиц дэвшил гаргаагүй юм.

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2023 оны аравдугаар сард барьцаалагдсан Израилийн иргэдийг суллах яриа хэлэлцээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх “сүүлчийн анхааруулга”-ыг Хамаст өгч байв.

 

Эх сурвалж: AFP